Лхам галерей анхны олон улсын үзэсгэлэнгийн нээлтээ 10 сарын 14-ний Бямба гарагт хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин, БНФУ-ын Элчин сайд Себастьян Сүрүн нар нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ. Мөн нээлтэд олон улсын музей галерейн удирдлагууд, кураторууд, олон улсын сэтгүүлчид зэрэг зочид ирсэн байна. Энэхүү монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь 2023 оны 10-р сарын 14-өөс 10-р сарын 26-ны хооронд Франц улсын нийслэл Парис хотноо үзэгчдийн хүртээл болно.
Доктор Кристианна Бонины кураторлосон "ЦАГААН СҮҮГЭЭР ХӨХ ТЭНГЭРИЙГ БУДНА" үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн 8 уран бүтээлч болох Батжаргалын Баатарзориг, Энхтөрийн Бэхбаатар, Chayodu, Болдын Номин, Цэцэгмаагийн Номин, Оюунпүрэвийн Ням-Очир, Даваадоржийн Одончимэг, Түвшинбатын Зула нар оролцож, өөрсдийн уран бүтээлийг толилуулж байна.
Энэ 10-р сард Парис хотод Asia Now Азийн урлагийн долоо хоног, Art Basel Paris 2023 зэрэг хамгийн том урлагийн арга хэмжээг зохион байгуулагдаж байгаа энэ үед үзэсгэлэнг нээсэн нь Монголын урлагийг олон улсын кураторууд, урлаг судлаачид, цуглуулагч нарт харуулах том боломж юм.
"ЦАГААН СҮҮГЭЭР ХӨХ ТЭНГЭРИЙГ БУДНА" үзэсгэлэнг Олон улсын урлагийн хөгжлийн холбоотой (IADA) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд IADA нь Парист төвтэй, Казахстан болон Төв Азийн орчин үеийн урлагийг сурталчлах зорилготой ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн маргааш буюу 15-ны өдөр куратор Кристианна Бонин, уран бүтээлч Ц.Номин болон Төв Азийн орчин үеийн урлагийн олон улсын мэргэжилтний яриаг зохион байгуулж, өнөөгийн Төв Ази болон Монголын урлагийн талаар үзэгчидтэй чөлөөт ярилцлагыг өрнүүлсэн юм.
Лхам контемпорари арт галерей нь Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагдсан олон улсын түвшинд үйл ажиллагааг явуулж буй галерей юм.
Хаяг: 13 rue de Saintonge, 3rd arrondissement, 75003 Paris, France
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!