Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Авдеевка хотын дэргэд шийдвэрлэх тулаан үргэлжилж буйг Украин, Оросын талууд мэдээлж байна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам зэвсэгт хүчин нь Донбассын Авдеевка хотын дэргэдэх тулаанд ахиц гаргаж, байрлалаа сайжруулсан тухай мэдээлсэн юм.

Тэгвэл өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын зэвсэгт хүчин Авдеевка дахь байрлалуудаа алдаагүй, хадгалсан хэвээр байгааг мэдээлжээ.

Бүс нутгийн төв Донецк хотоос холгүй оршдог Авдеевка нь зүүн фронтын хамгийн чухал цэг болоод байгаа. Сүүлийн үед Оросын тал энэ хот руу цэргийн хүчээ төвлөрүүлэх болсон.

“Авдеевка. Бид байрлалаа хадгалсан хэвээр байна. Украины эр зориг, эв нэгдэл энэ дайны хувь заяаг шийднэ” гэж Зеленский сошиал хуудсандаа бичээд фронтын шугамаас ирсэн хотын гэрэл зургуудыг нийтэлсэн байна.

Украины зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Андрей Ковалев “Манай хамгаалагчид эр зоригтой тулалдан байрлалаа хадгалж байна. Авдеевка орчимд тэд дайсны 10 гаруй довтолгоог няцаалаа” гэж телевизээр ярьжээ.

зураг
 

Коксожсон нүүрсний том уурхайтай Авдеевка нь дайнаас өмнө 31,000 орчим оршин суугчтай хот байсан юм. Одоо энд 1,600 орчим хүн үлдсэн гэдэг.

Хотын захирагч Виталий Барабаш “Манайхан бүх байрлалаа хамгаалж, бүх дайралтыг няцааж байгаа. Бүр зарим хэсэгт сөрөг давшилтад орохыг оролдсон” гэж орон нутгийн телевизээр ярьсан байна.

“Хотын дэргэдэх тулаан гурав дахь өдрөө намжилгүй үргэлжилсээр байна” гэж тэр мэдээлжээ. Украины дайн эхэлсэн цагаас хойш Авдеевкад ийм ширүүн тулаан болж байгаагүйг Барабаш баталсан юм.

Харин Оросын талын эх сурвалжууд зэвсэгт хүчин нь Авдеевкагийн дэргэдэх тулаанд зарим ахиц дэвшил гаргасан талаар мэдээлцгээж байна.

Тухайлбал Оросын армитай ойр холбоотой ажилладаг Рыбар Телеграм суваг хотын хойд хэсэгт оршдог үйлдвэрийн хог хаягдлын овоолгыг цэргүүд нь эзэлж авсан тухай мэдээлжээ. Бас Авдеевкагаас баруун хойд зүгт оршдог Степове тосгонд Оросын цэрэг нэвтрэн орж, тулаанаа үргэлжлүүлж буйг мэдээлсэн байна.

Гэхдээ фронтын шугамаас ирсэн зураг, дүрс бичлэгүүдийг шинжилсэн Өрнөдийн ажиглагчид Авдеевкагийн дэргэд Оросын арми хүн хүч, зэвсэг техникийн багагүй хохирол амссан гэж дүгнэж байна.

Авдеевкаг 2014 онд Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид хэсэгхэн хугацаанд эзэлж байсан бөгөөд тэр үеэс хойш байнга дайн тулааны талбар болж, ганц ч бүтэн байшин барилга үлдээгүй бөгөөд цэвэр ус, цахилгааны дэд бүтэц нь бүрэн сүйрсэн юм.

 

Эх сурвалж: AFP