Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас “Хүүхэд нас бол амьдралын үндэс” олон улсын сэтгэл зүйчдийн бага хурлыг зохион байгуулав

ikon.mn
2023 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 1989 оноос Вьетнам улсад, 1997 оноос Монгол улсад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 34 жилийн арвин их туршлагатай олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм.

Бид энэхүү туршлага дээрээ тулгуурлан 2015 онд Сэтгэлзүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг Англи улсын хүүхдийн сэтгэл засалч Миранда Марштай хамтран боловсруулж, 2022-2023 онд Нелумбо сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад анх удаа асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн 37 мэргэжилтнийг сэтгэл зүйн гэмтэл хүүхэдтэй ажиллах арга зүй болон урлагийн сэтгэл заслын практик арга зүйгээр чадавхжуулах “Баяртай” Хөтөлбөрийг санаачлан, 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.

Бид мэргэжилтнүүдээр дамжуулан 6-10 насны хүүхдүүдэд хүрч ажиллах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойгоор 1000 гаруй хүүхдүүдэд шууд болон шууд бус байдлаар хүрч ажиллалаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид эрх тэгш байдлыг ханган ажиллахын тулд Монгол улс дахь асрамж халамжийн төв, түр хамгаалах байр болон тусгай хэрэгцээт сургуулиудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг бүрэн хамруулж арга зүйгээр ханган ажилласан бөгөөд 18 сарын хугацаанд мэргэжилтнүүдээ чадавхжуулах, олон улсын мэргэшсэн сэтгэл засалчдын туршлагаас суралцах боломжийг бүрдүүлэн, сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулсан.

зураг
 
зураг
 

Хөтөлбөрийн оролцогчид эзэмшсэн арга зүйгээ гурван сарын хугацаанд өөрийн байгууллагын хүүхдүүд дээрээ практик дадлага ажлыг хэрэгжүүлж ажилласан. Хөтөлбөрийн оролцогчид байгууллагынхаа хүүхдүүдээс “Би үзэл баримтлалыг судлах, хандлагыг тодорхойлох” гараа болон барианы судалгааг авч, үр дүнг боловсруулж, тайлагнасан нь хөтөлбөрийн бас нэгэн онцлог юм. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүддээ зориулан “6-10 насны хүүхдэд урлагийн сэтгэл заслыг ашиглах нь” гарын авлага, “Би бол нар” 6-10 насны хүүхдийн дасгалын номыг боловсруулан гардуулан өгсөн.

Хөтөлбөрийн оролцогчдоо зориулан ахисан түвшний 3 өдрийн Мастер класс сургалтыг хүн төвт хүүхэд заслын арга зүй, математик статистик тооцоолол, сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн чиглүүлэг сургалтуудыг Англи улсын хүүхдийн сэтгэл засалч Миранда Марш, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул, Хонконг дахь Хүүрнэл зурган заслын холбоог үүсгэн байгуулагч урлагийн сэтгэл засалч, доктор Моника Вонг нар сургалтыг удирдан зохион байгуулж ажиллав.

Мөн түүнчлэн нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн олон сэдвүүдээр олон нийтийн сүлжээнд компанит ажлыг зохион байгуулж, нийт 10,000 гаруй хүнд хүрч ажилласан байна.

Баяртай” хөтөлбөрийн эхний шатны хаалтын үйл ажиллагаа болох олон улсын сэтгэл зүйчдийн бага хурлыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хүүхэд нас бол амьдралын үндэс” хүүхэд насны сэтгэл зүйн гэмтлийн талаарх олон улсын бага хурлыг 300 гаруй зочид төлөөлөгч, сэтгэл зүйч мэргэжилтнүүдтэйгээр зохион байгууллаа. Манай сангийн зүгээс “Сэтгэл зүйн гэмтэлд суурилан үйлчилгээ үзүүлэх нь” зөвлөмж гарын авлагыг боловсруулан, “Би бол нар” номын хамт оролцогч бүрд гардуулан өглөө.

зураг
 

Хаалтын үйл ажиллагааны хүрээнд Кристина Ноблийн Хүүхдийн Сан болон Монголын Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэг хамтран "Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" өнгөрсөнд авсан сэтгэл зүйн гэмтэл нь бидний бие махбод болон зан үйлд хэрхэн нөлөөлдөг болохыг таньж мэдэхэд чиглэсэн Австрали, Өмнөд Африк болон Их Британи улсын мэргэжлийн сэтгэл засалчид сэтгэл судлалын онол, туршилт судалгаа, клиник туршлага дээрээ үндэслэн практик арга зүйд чиглэсэн 2 өдрийн танхимын сургалтыг хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйч, мэргэжилтнүүдэд зориулан зохион байгууллаа.

Хүүхэд нас бол амьдралын үндэс” хүүхэд насны сэтгэл зүйн гэмтлийн талаарх олон улсын бага хуралд Австрали, Монгол, Өмнөд Африк, Их Британи зэрэг орны нэр хүндтэй мэргэжилтнүүд оролцож уг хурлыг өөрсдийн туршлагаар баяжуулан, ирсэн зочдод өөрийн орны туршлагыг хуваалцсан нь үйл ажиллагааны шинэлэг тал байлаа.

зураг
 

Мөн бага хуралд КНХС-ийн боловсролын түншүүд болох Хо Ши Мин хотын Үндэсний их сургууль, Вьетнамын сэтгэл судлалын нийгэмлэгийн 10 тэргүүлэх сэтгэл судлалын профессорын төлөөлөл оролцсоноос гадна Вьетнамын сэтгэл судлалын нийгэмлэг, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан сайхан үйл явдал боллоо.

“Хүүхэд нас бол амьдралын үндэс” бага хурал нь хүүхэд насны суурь асуудлуудыг хөндөж, хүүхэд бүрд гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээх их үйлсийн маань эхлэл буюу сэтгэл зүйн салбарт дараа дараагийн бидний хийж бүтээх томоохон ажлуудын нэг байна гэдэгт бид итгэлтэй байна.