Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орос орон яагаад Монгол шиг байж чадахгүй гэж?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Одоогоос нэг жилийн өмнө “Московский Комсомолец” сонинд Владислав Иноземцевын Монголын улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхолтой өгүүлэл нийтлэгдэж байжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн байж болох ч бусдын нүдээр өөрсдийгөө харахад Монголчууд бидэнд хэрэгтэй мэт санагдлаа. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг огт шалгалгүй зохиогчийнхоор үлдээсэн болно.

Урьд нь хоцрогдсон гэгдэж байсан хөршийн маань эдийн засгийн үсрэнгүй хөгжилд “тогтвортой байдал” биш харин ардчилал тус болжээ.

Саяхнаас Оросын улстөрийн элитүүд нэгэн зүйлээр их бахархаж ярих болов. Олон улсын шалгуураар манай орны авлигын эсрэг үзүүлэлт 10 шат ахиж Гондурастай зэрэгцэх болсон юм байх. Юутай ч улстөрчдийг тэр амжилттай нь орхиод эдийн засгийн асуудлаа ярьцгаая. Ингэхдээ тэртээ латин америкын ширэнгэнд байгаа улстай харьцуулах биш харин арай ойрхноос жишээг хайлаа.

Одоогоос арваад жилийн өмнө эх орончдын хайртай хүн А.Паршев өөрийн номондоо “Орос яагаад Америк шиг болж чадахгүй вэ?” гэсэн асуулт тавьж байсныг санаж байна. Тэр энэ асуултандаа хэт “технологжсон” хариулт олж ерөнхийдөө амьдрах орчны хатуу ширүүн нөхцлөөс болоод Америктай өрсөлдөх хэмжээнд хүрч чадахгүй байна гэж дүгнэсэн байж билээ.

Тэгвэл энэ шалгуураар нь харьцуулбал амьдрах орчин нь биднээс доор, харин эдийн засгийн бүтэц нь биднийхтэй хамгийн төстэй улсыг сонгоцгооё.

Энэ бол Монгол улс. Цагтаа Зөвлөлтийн үзэл сурталчид энэ жижиг оронд капитализмыг алгасан феодализмаас шууд социализмд орох туршилтыг хийж байсан юм. Үүний үр дүнд Монгол орон 480 ам. долларын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй, нүүдлийн мал аж ахуйд суурилсан, нүүрс, зэсийн олборлолт хийдэг, бас мөддөө арилшгүй Зөвлөлтөөс хамааралтай эдийн засагтайгаар социализмын диваажингаас хаягдаж орхигдсон билээ.

Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд Монголтой хил залгаа Сибирийн хүн амын тоо 12 хувь өссөн бол Монголчууд 26 хувь өссөн байна.

Оросын ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) 2000-2011 онд 80% өссөн бол Монголынх 3 дахин өсчээ.

Мэдээж харьцуулахад тохиромжгүй үзүүлэлтүүд байна гэж шүүмжлэх байх л даа.

Тэгвэл харьцуулах боломжтой тоо баримтуудыг дурдвал, 2012 оны байдлаар нэг хүнд ноогдох ДНБ Монголынх 5.1 мянган ам. доллар болж жилд 14-16 хувь өссөн байхад, энэ үзүүлэлт Сибирийн дунджаар 10.9 мянган ам. доллар буюу жилийн 3-4 хувийн өсөлттэй байгаа юм.

Мэдээж бас Монгол бол байгалийн баялаг их, хүн ам цөөн гэж шалтаглах л байх. Тэр ч тийм, гэхдээ хүн амын нягтралын хувьд Монголын нэг хавтгай дөрвөлжин километр нутагт 1.7 хүн ноогдож байгаа бол Алс дорнодын холбооны тойргуудын дундаж 1.1 хүн байдгийг бодолцох хэрэгтэй.

Эцэст нь эдийн засгийн сектор тус бүрээр нь харьцуулж харвал, 1991-2010 онуудад Орост нүүрсний олборлолт 9 хувь буурч, Монголд 2.6 дахин өссөн, зэс 6 хувь буурсан бол Монголд 4.2 дахин өссөн, алт 20 хувь өссөн бол Монголд 3.7 дахин нэмэгджээ.

Цааш нь үргэлжлүүлбэл ийм жагсаалт нэлээд урт хөврөх болно.

Эндээс нэг асуулт урган гарч ирнэ. Нэгэн цагт хорвоогийн хамгийн муу амьдрах нөхцөлтэй хязгаар нутагт тооцогдож байсан (1957 онд Молотовыг Монголд элчин сайдаар томилогдоход, бараг л Магаданд цөлөгдсөнтэй адилтгаж байсан) энэ оронд юу болоод өнгөрөв өө? Яагаад тэднийг амжилтын жишээ болгож хаа сайгүй шагших болов?

Хариулт тодорхой: шалтгаан нь ердөө эдийн засгийн ухаалаг, тэнцвэртэй бодлого.

Тэгвэл энэ бодлогын суурь юу байв? Үүнд ямар ч ид шид байхгүй. Энэ орны удирдагчид аль эртнээс хөгжлийн түлхүүр нь хөрөнгө оруулалт болохыг ойлгожээ. Ингээд ердөө 1995-2011 оны хооронд буюу 15 жилийн хугацаанд жил бүрийн үндсэн хөрөнгөн дэх хөрөнгө оруулалтын жин ДНБ-ын 12.5 хувиас 39.2 хувь хүртэл өсчээ.

Энэ хэмнэлээр дээрх өсөлт 2010 онд 33.1 хувь, 2011 онд 69.9 хувь болж 2012 онд илүү өндөр гарах төлөвтэй байна.

Яаж энэ бүхэн хэрэгжив? Төрийн эзэмшлийн компаниудаар уу? Огт тийм биш. Гол мөнгөний урсгал нь гадаадын хөрөнгө оруулалт байж, сүүлийн 10 жилд 40 дахин өссөнөөр хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар болжээ.

Энд нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд Монголын эрх баригчид байгалийн баялгаа ашиглахдаа Оросын, Хятадын компаниудтай хамтарсангүй. Орос, Хятадыг өөрийн худалдааны гол түншүүд гэдгийг үл харгалзан Канадчууд (Ivanhoe Mines, Entrée Gold, SouthGobi Energy), Британчууд (Rio Tinto), Австраличууд (BHP Billiton, Ausmelt)-тай хамтарчээ. Бүр Америкчуудтай ч биш. Учир нь Улаанбаатар их гүрнүүдтэй харьцахад түвэгтэй байдгийг мэддэг ажээ.

Ийм улс төр, эдийн засгийн тэнцвэртэй бодлого нь төсвийн зөв зарцуулалт хийх боломж олгосон байна. Тухайлбал 1988 онд ДНБ-ийхээ 9.36 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байснаа 2010 онд 0.98 хувь болгосон байна. Үүнтэй зэрэгцээд боловсрол, эрүүл мэндийн салбарын зардлаа 2011 онд тус бүр ДНБ-ий 5.4 ба 3.0 хувь хүртэл өсгөсөн буюу төсвийн зардлынхаа 23 хувьд хүргэжээ.

1988-2010 онд Монгол хүний дундаж наслалт 60-аас 69 болж хүн амын өсөлт (цагаачдийг тооцоогүй, энэ улсад цагаачдийн эзлэх хувь 0.36-аас хэтэрдэггүй) сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүр 1.5 хувь (Оросын хэмжүүрээр жил бүр 2 сая хүн гэсэн үг) болсон байна.

Хөдөө аж ахуйн салбар ч багагүй өсөлттэй байгаа. Монголд сүүлийн жилүүдэд хатуу өвөл болоогүй тул малын тоо толгой өсч дэлхийд ноолуурын хоёр дахь том үйлдвэрлэгч болжээ. Нэг хүнд ноогдох малын тоо толгойгоор дэлхийд тэргүүлж Оросын хил залгаа бүс нутгуудаас даруй 7-20 дахин илүү байна.

Мэдээж Монгол өнөөдөр тийм хөгжилтэй оронд тооцогдохгүй ч ДНБ (2011 онд 17 хувь) болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний (37.4 хувь) өсөлтийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явна.

2013-2014 онд эдгээр нь 13-14 хувь, 30-32 хувь тус тус өсөхөөр байгаа юм. Тус улсад худалдаа, барилгын салбарууд эрчимтэй хөгжиж иргэдийг орон сууцжуулах хэд хэдэн хөтөлбөр хэрэгжиж байна.

1999 онд 100 хүнд 1 гар утас ноогдож байсан бол одоо 105 болжээ. 2000 онд хүн амын 0.5 хувь нь Интернэт тогтмол хэрэглэж байсан бол өнөөдөр 20 хувьд хүрсэн байна.

Монголчууд яаж ийм амжилтанд хүрэв? Манай дарга нарын гэрэлт ирээдүйд хүрэх цорын ганц найдвартай зам гэдэг “улс төрийн тогвортой” байдлаар уу?

Огт үгүй. Бүр эсрэгээрээ. Өнөөдрийн Монголын улс төрийн нөхцөл байдал байнгын тэмцэл хөдөлгөөнд оршиж, аль нэг улс төрийн хүчинд дангаар ноёрхох боломж өгөхгүй байгаа юм. Коммунизм унасны дараа МАХН хэсэг хугацаанд засгийн эрхэнд байсан ч 1996 (танд энэ он ямар нэг зүйл санагдуулахгүй байна уу?) онд шинэ улс төрийн хүчин болох ардчилсан хүчнүүдийн эвсэлд шилжсэн. 1997 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан экс коммунист Н.Багабанди хожим нь 2000 оны парламентын сонгуульд намаа ялуулж нам нэгтэй Н. Энхбаярыг 2005 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжоор хангасан юм.

Гэвч сөрөг хүчин энэ үед дутахгүй нөлөөтэй байж 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Ц.Элбэгдоржоор удирдуулан 2004 онд парламентад олонх болсон билээ. Дараа нь 2008 онд Улаанбаатарт парламентын сонгуулийн будлианаас үүдэлтэй “өнгөт” хувьсгал гарч, үүний үр дүнд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан авлигатай тэмцэж эхэлснээр, өмнөх удирдагчдын авлигын хэргүүдийг шалгаж эхэлсэн юм.

Үүний үр дүн гарч 2012 оны 4 сард экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг авлигын хэрэгт буруутган баривчилж нээлттэй шүүх хурлаар 4 жил хорих ял өгсөн. Өнөөгийн ерөнхийлөгчийн эрх барьсан он жилүүдэд улс орны эдийн засаг хурдтай өссөн юм.

Өөр нэг сонирхолтой зүйл нь энэ орны сүүлийн хоёр ерөнхийлөгч, таван ерөнхий сайд нь АНУ, Их Британи, Германд боловсрол эзэмшсэн байна. Бүхий л посткоммунист цаг хугацаанд нээлттэй улс төрийн өрсөлдөөн тэмцэл дунд хөгжиж боловсорсон улс төрчид улс орныхоо эдийн засгийг амжилттай авч явж чадаж байна.

Тиймээ, Монголд бас зөндөө асуудал бий.

Тэдгээрийн нэг нь байгалийн хүнд нөхцөл. Энд зундаа +30-аас +32 хүрдэг бол өвөл нь -28-аас -35 хүрч хүйтэрдэг. Улаанбаатар бол өвөлдөө дэлхий дээрх хамгийн хүйтэн нийслэл хот. Газар нутгийн хэмжээ нь ч хөгжилд нь дарамт болдог. Суурин газруудын хооронд зуу зуугаар хэмжигдэх километр зайтай, 1000 км хавтгай дөрвөлжин талбай тутамд 31 км зам ноогддог нь дэлхийд хамгийн мууд орох үзүүлэлт. Гэвч тэд ДНБ дэх эрчим хүчний зарцуулалтаа 20 жилийн хугацаанд 56 хувь бууруулж цаашлаад 2020 он гэхэд дахиад 40 хувь бууруулах зорилготой байна.

Тэгвэл Монголын удирдагчид байгалийн хүнд нөхцлийнхөө сул талыг засаг захиргааны үйл ажиллагааг хөнгөвчлөх замаар нөхөж чадсанаар Монгол бизнес хийх орчны үзүүлэлтээрээ (Doing Business rating) өнгөрсөн жил 12 шат ахин 75 дугаар байрт жагсах болжээ.

Энэ бүхний эцэст бидэнд дараах асуултуудад хариулт хэрэгтэй байна. Яагаад Орос орон дээр дурдсан “Паршевын” онолд найдалгүйгээр, эрчим хүчний үр ашгаа дээшлүүлж, ашигт малтмалын олборлолтоо илүү их нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор татаж, олон улсын тавцан дахь үнэлгээгээ дээшлүүлж чадахгүй байна вэ?

Байгалийн нөхцөл үүнд ямар ч хамаагүй. Хамгийн гол нь улс төрийн орчин нөхцөл, ардчилсан дэг ёс, удирдах шатныхны мэдлэг боловсролын чанар илүүтэй сайжрах шаардлагатай байна.

Ийм учраас л Орос орон Монгол шиг байж чадахгүй байна.