ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс 2024 оны зуны олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд Парис хотыг бясаанаас цэвэрлэх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ирэх онд Францын нийслэл Парис хот зуны олимпын наадмыг зохион байгуулахаар бэлдэж байгаа.

Уг арга хэмжээний үеэр тус хотод 15 сая орчим хүн ирнэ гэсэн тооцоо гаргасан байдаг.

Тэгвэл олимпын наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг нь бясаа устгал болжээ. Сүүлийн үед Парис хотын кино театрууд, метро, Шарль де Голийн нэрэмжит олон улсын нисэх буудал зэрэг газруудад хүмүүс бясаанд хазуулсан тохиолдол олноор бүртгэгджээ.

Тухайлбал өнгөрсөн сард нэг хүн Парисын театрт кино үзэх үеэр бясаанд хазуулсан талаараа X хуудсандаа гомдоллож, UGC Cinema компани уучлал гуйж байв.

Тус компани мэдэгдэлдээ театрын суудлуудыг халуун уураар ариутгаж, шавж устгал явуулах арга хэмжээ авч эхэлснийг мэдээлсэн юм.

зураг
 

Асуудал үүгээр зогсолгүй эрх баригчдын анхаарлын төвд ороод байна.

“Бясааны гамшиг эрчимжсэн тул бид яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Би ерөнхий сайдаас энэ асуудлаар хурал зохион байгуулахыг хүсэж байна. Энэ бол холбогдох бүх талуудын хэлэлцэх ёстой нийгмийн эрүүл мэндийн асуудал юм” гэж Парис хотын дэд дарга Эммануэл Грегуар энэ долоо хоногийн эхээр сошиал хуудсандаа бичжээ.

Францын зам тээврийн сайд Клемент Боне ирэх долоо хоногт нийтийн тээврийн компаниудтай бясаанаас зорчигчдыг хамгаалах асуудлаар хуралдах болсноо Баасан гарагт мэдээлсэн юм.

Бясаа бол 5-7 мм урт биетэй, далавчгүй шавж бөгөөд хүн, амьтны цусаар хооллодог. Ор дэрний хэрэгсэл, тавилгад үүрлэдэг энэ амьтан хувцас, гар тээшээр дамжин хурдан тархдаг юм.

Хүмүүст ноцтой аюул учруулж, өвчин тараадаггүй ч хазвал улайлгаж, загатнуулдаг байна.

2017-2022 оны хооронд Францын 10 айл өрх тутмын нэг нь бясаатай байсан гэх засгийн газрын тоо баримт бий.

Бясааны тархалт сүүлийн үед нэмэгдсэн нь аялал жуулчлалын өсөлт болон уг шавжийн хор даах чадвар сайжирсных гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2019 онд Франц улс төсвөөсөө 83 сая еврог бясаа устгалд зарцуулж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider