XIX зууны эхээр хүн төрөлхтөн цахилгаан хөдөлгүүр бүтээх судалгааны эрэлд гарч, улмаар 1834 онд хамгийн анхны цахилгаан хөдөлгүүрийг бүтээж чадсан билээ. Энэ үеэс хойш цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хэрэглээ болоод хөгжил олон улсад асар хурдацтай танигдан тархсан юм. Гэвч дотоод шаталтат хөдөлгүүрийн үйлдвэрлэл эрчимжсэнээр цахилгаан автомашины эрэлт буурч, холбогдох судалгааны ажлууд ч зогсонги байдалд шилжээд байв.
Харин уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цахилгаан автомашинд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажил өдгөө эргэн сэргээд буй билээ. Энэхүү дэлхий нийтийг хамарсан “ногоон” давлагаанд бэлтгэн Эрчим Сүлжээ ХХК нь Монгол улсад цахилгаан автомашинд зориулагдсан цогц дэд бүтцийг байгуулах EV+ төслийг эхлүүлжээ. Ингээд уншигч та бүхнийг Эрчим сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Нямдаваа эрхэмтэй уулзуулъя.
EV+ төсөл нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудаас дараах зорилтыг хэрэгжүүлж байна.
- Та бүхэн EV+ төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан болоод төслийнхөө тухай мэдээллийг танилцуулж өгнө үү.
Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтийн санааг зовоож байна. Тиймээс олон улсад байгальд ээлтэй шийдлүүд цөөнгүй хэрэгжиж эхэлсэн. Цахилгаан тээврийн хэрэгсэл, түүний дэд бүтцийг байгуулах нь хамгийн ойрын хугацаанд хэрэгжүүлж болох ажлуудын нэг хэсэг юм.
Улаанбаатар хотын хэмжээнд байгаль орчны талаас тулгамдаж буй гурван том асуудал бий. Агаар, хөрс, дуу чимээний бохирдол. 2019 онд хийгдсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох судалгаа”-ны үр дүнгээс харвал агаарын бохирдлын нийт 10 гаруй хувийг зөвхөн тээврийн хэрэгслээс ялгардаг утаа эзлэх жишээтэй. Тэгэхээр нөхцөл байдлыг сайжруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих гарцаагүй шаардлага үүссэн гэж болно. EV+ төсөл маань цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зорилго бүхий цогц дэд бүтцийг байгуулах төсөл юм.
Сүүлийн жилүүдэд манай оронд цахилгаан автомашины тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь EV+ төслийг эхлүүлэх том хөшүүрэг болсон. 2014 онд анхны цахилгаан автомашинууд орж ирснээс хойш өнөөдрийн байдлаар 800 гаруй цахилгаан автомашин Монгол улсад бүртгэлтэй байна. Энэ тоо 2021-2022 онуудад их өссөн. Авто тээврийн үндэсний төвөөс тодруулсан мэдээллээс харвал, цахилгаан автомашины өсөлтийн хувь 60-70% байгаа. Цаашдаа улам эрчимтэй өснө гэж бид харж байна.
Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас ялгарах утаанд:
Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг. Жилийн хамгийн хүйтэн өдрүүдийн агаарын бохирдлын үзүүлэлтийг харвал PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ шоо метрт дунджаар 687 микрограмм хүрдэг.
- Төслийн өмнөх бэлтгэл ажил буюу судалгааг та бүхэн хэзээнээс эхлүүлсэн бэ?
Бид төслийнхөө ерөнхий зорилгыг тодорхойлсны дараа 2 жил гаруйн өмнөөс судалгааг эхлүүлсэн. Монгол улс дахь нөхцөл байдал, гаднын сайн жишиг, цахилгаан автомашины технологийн шинэ шийдэл гэх мэтээр судалсан. Бид судалгааны хүрээнд БНХАУ-ын Шиньжин хотод зочилж, туршлага судалсан юм. Мөн судалгааны явцад M-STARS HUB-ын бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж менторуудаас зөвлөгөө авснаар төслөө хэрэгжүүлэх тал дээр бид улам итгэл үнэмшилтэй болсон.
Шиньжин хот нь байнгын 12 сая оршин суугчтай бөгөөд нийт 16 мянган автобус, 22 мянган таксиг бүрэн цахилгаан болгон шинэчилсэн анхны хот юм. Цахилгаан автомашин үйлдвэрлэл дэх томоохон тоглогчдын нэг BYD автомашины төв нь Шиньжин хотод байрладаг.
- Одоогоор төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй таатай болон бэрхшээлтэй зүйлс юу байна вэ?
Судалгааны үе болоод ажил хэрэг болгох тухайд зарим салбарын төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Тэгэхэд БОАЖЯ болон холбогдох салбарынхан маш эергээр дэмжиж хүлээн авсан шүү. Монгол Улс маань бодлогын түвшинд мөн цахилгаан тээврийн хэрэгслүүдэд таатай шийдвэрүүдийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Жишээ нь, татварын хөнгөлөлт, цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтад оруулахгүй, нэгдүгээр эгнээгээр зорчуулах гэх мэт.
- Дэд бүтэц байгуулах нь өндөр зардалтай бөгөөд байнгын арчилгаа, хяналт шаардах зүйл. Эрчим сүлжээ ХХК-ийн хувьд EV+ төслийн ирээдүйд үүсэх ачаалалд хэрхэн бэлтгэж байна вэ?
Эрчим сүлжээ ХХК цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааныхаа хүрээнд цахилгааны дэд станцууд, шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ, диспетчерийн 24 цагийн хяналт удирдлага, шуурхай ажиллагаа явуулах, цахилгаан эрчим хүчний борлуулалтын чиглэлээр бизнес эрхлээд 20 орчим жилийн туршлагыг хуримтлуулжээ. Үүнийгээ дагаад дээр дурдсан цогц үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн чадварлаг баг, багаж тоног төхөөрөмж болон хүний нөөцтэйгөөр ажилладаг. Тэгэхээр цэнэглэгч станцуудад хэрэв эвдрэл гэмтэл гарах үед шаардлагатай засвар, үйлчилгээг 24 цагийн турш цаг алдалгүй гүйцэтгэж, хэвийн ажиллагааг хангах бүрэн чадвартай. Бид EV+ төслийн хүрээнд зөвхөн цэнэглэгч гэлтгүй, төлбөр тооцооны хамгийн хялбар шийдлийг цахилгаан автомашин хэрэглэгчдэдээ санал болгож байгаа.
- Цахилгаан цэнэглэгчийн байршлуудыг ямар үзүүлэлтийг харгалзан сонгож байгаа вэ?
Одоогоор Интермед ОУ-ын эмнэлэг, Шангри-Ла төв, Хөшигтийн хөндийн Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал, И-Март салбар дэлгүүрүүд гэх мэт байршлыг сонгоод байна. Цаашид бид Монгол Улсынхаа өнцөг булан бүрд байршуулж, хөдөө орон нутагт аялал зугаалгаар явах үед урт замд цэнэг дуусахад санаа зоволгүй аялаад ирэх боломжийг бүрдүүлэх болно. Ингэхдээ нэг цэгээс нөгөө цэг дээр очих хугацаа болон замын уртыг тооцоолоод дундаж цэнэг зарцуулалтыг үндэслэн байршлуудаа тодорхойлох юм.
Ер нь цахилгаан автомашиныг дагалдаж ирсэн хошуугаар нь гэрийн нөхцөлд буюу 220В-д цэнэглэхэд ойролцоогоор 13-15 цагийг зарцуулдаг. Харин тусгай зориулалтын хурдан цэнэглэгчээр 30-40 минутын дотор 80 хүртэлх хувийн цэнэгтэй болох боломжтой. Мэдээж энэхүү 30 минут гаруй хугацаанд хэрэглэгч автомашин дотроо хүлээж суух нь хүндрэлтэй гэж үзсэн учир бид аль болох хүн төвлөрсөн оффис, худалдаа үйлчилгээний төвүүдийн зогсоолд цэнэглэгч станцуудаа байршуулахаар төлөвлөсөн. Ингэснээр кино үзвэр үзээд, зоог бариад, хэрэгтэй үйлчилгээгээ авч байх зуур автомашин нь цэнэгтэй болно гэсэн үг. Харин цаашдаа томоохон хотхонуудад суурилуулахаар төлөвлөж байна.
- Олон улсад цахилгаан автомашины нийт хэдэн төрлийн цэнэглэгч байдаг вэ? Тэдгээр цэнэглэгч хошуунаас аль төрлүүдийг нь байршуулсан байгаа вэ?
Дэлхийд одоогоор таван төрлийн цэнэглэгч хошууг стандартчилсан байдаг. Хятад стандарт, Япон стандарт, Европ стандарт, Америк стандарт, мөн Тесла автомашины гэх мэт. Манай төслийн хувьд түргэн цэнэглэгчүүдээ Хятад, Европ, Япон стандартын 3 хошуутайгаар суурилуулж байгаа буюу ямар ч төрлийн автомашин цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог. Америк болон Тесла автомашины хошууг нэмэлтээр зарим байршилд байршуулахаас гадна шилжүүлэгчийг ашиглах боломжтойгоор суурилуулсан. Үндсэндээ хаана ч очсон автомашинаа цэнэглэж болно.
- Цахилгаан автомашинтай болох хамгийн чухал шалтгаануудаас дурдана уу.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт анхаарахгүй байхын аргагүй хэмжээнд хүрсэн. Таны асуултад хариулахын тулд нэг жишээ хэлье. Бид өөрсдөө компани дээрээ цахилгаан автомашин авч, бүтэн жилийн турш Улаанбаатар хотдоо эрс тэс уур амьсгалд туршиж байна. Цахилгаан автомашины хэд хэдэн онцгой давуу тал бий. Улирал тутам арчилгаа, урсгал засвар хийгдэх нь бага, чанга дуу чимээгүй, эдийн засагт хэмнэлттэй, байгальдаа ээлтэй гэх мэт. Мэдээж жолоодлогын үеийн мэдрэмж маш гоё. Харин Монгол Улсад цахилгаан автомашины сонголтод сөргөөр нөлөөлдөг хамгийн том тушаа нь дэд бүтцийн асуудал байсан. Одоо цэнэглэгч станцуудын сүлжээ бий болоод ирэхээр цахилгаан автомашин сонирхогчид болоод хэрэглэгчдэд илүү таатай нөхцөл үүснэ гэдэгт итгэж байна.
“Шинээр үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинууд бүтэн цэнэгээрээ дунджаар 400-500км явах боломжтой.”
Сонирхуулж хэлэхэд, том хүчин чадлын батарейтэй ачааны /трак/ цахилгаан автомашинууд маань цахилгааны хязгаарлалт, дутагдалд орсон үед цахилгааны бага чадлын эх үүсвэр болох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл явуулын бага чадлын батарей хуримтлуур бүхий станцаар ашиглагдах бүрэн боломжтой. Үүнтэй холбоотой Европт хэрэгжсэн жишээг дурдаж болно. Дайнаас шалтгаалан эрчим хүчний хязгаарлалтад ороод байгаа зарим Европын орнуудад цахилгаан том оврын автомашинуудаар тодорхой хэмжээний эрчим хүчний хэрэгцээг оргил ачааллын үед хангаж, дэмжлэг үзүүлсэн жишээнүүдийн талаар мэдээлэл уншиж, сонсож байлаа.
- Шатахуун түгээх станцуудад хүн ажилладаг бол EV+ цэнэглэгч станц нь бүхэлдээ хэрэглэгч өөртөө үйлчлэх концепцтой юм байна. Тэгэхээр төлбөр тооцооны ямар шийдлийг ашиглаж байгаа вэ?
Одоогоор хэрэглэгчдэд хялбар байлгах үүднээс Тoki апп дээр нэмэлт хөгжүүлэлт хийн ашиглаж байна. Toki апп нь 1 сая гаруй таталттай болсон ба олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой цогц систем юм. Иймд энэхүү апп-аар цэнэглэлт хийх, төлбөр тооцоо болон цэнэглэгч станцуудын байршил, ажиллагаа, хошууны төрөл гэх мэт мэдээллийг харж болно.
- Таны төсөөлж буйгаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?
Өмнө ярьсан зүйлсээ дүгнээд хэлбэл Монгол улсад маань цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нөхцөл, эрэлт хэрэгцээ нэгэнт үүсэж эхэлсэн тул цахилгаан автомашины цэнэглэгч станц, түүнд зориулагдсан дэд бүтцийг байгуулах нь цаг хугацааны асуудал юм. Нөгөөтэйгүүр цахилгаан автомашин эзэмшигчийн хувьд юу хамгийн их асуудалтай вэ гэвэл, стандартад нийцсэн цэнэглэгч станцуудын хүрэлцээ юм. Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ. Дэд бүтэц сайтай, цахилгаан тээврийн хэрэгсэлд ээлтэй улс болчих юм бол санаа зовоосон асуудлууд эхнээсээ шийдвэрлэгдээд, эерэг өөрчлөлт гарна гэдэгт эргэлздэггүй.
- Эцэст нь цахилгаан автомашины тухай хэрэглэгчдийн мэдэх шаардлагатай нэг зүйлийг онцлон тайлбарлаж өгнө үү.
Цахилгаан автомашиныг цэнэглэж буй эрчим хүчийг хатуу түлшийг шатаах аргаар үйлдвэрлэн гаргаж авч байна. Тэгэхээр энэ чинь эко шийдэл биш юм биш үү гэж хүмүүс их асуудаг. Цахилгаан автомашины үйлдвэрлэлтийн шат дамжлагаас эхлээд, тухайн автомашины насжилт дуусах хүртэл цэнэглэж ашиглахад ялгаруулах CO2 буюу нүүрстөрөгчийн хэмжээ нь энгийн автомашинаас даруй 5 дахин бага гэсэн олон улсын судалгааны үр дүн бий. Бидний хувьд EV+ төслийнхөө хүрээнд цаашид бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цэнэглэгч станцуудаа хангах, тэжээх чиглэлээр судалгааны ажлуудыг эхлүүлээд явж байна.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа, танай хамт олны хэрэгжүүлж буй EV+ төсөлд амжилт хүсье.
Instagram: www.instagram.com/evplusmongolia
Facebook: www.facebook.com/evplusmongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!