• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан хотын 1-р сургуулийн 60 жилийн ойд: ТӨГСӨГЧДӨӨРӨӨ ГОЁСОН СУРГУУЛЬ

ikon.mn
2023 оны 9 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Дархан хотын 1-р сургуулийн түүх бол тус хотын түүхийн салшгүй нэг хэсэг юм. Сургуулийн маань төгсөгчид хотынхоо хөгжлийн үе шат бүхэнд манлайлагч, хошуучлагч байсаар ирсэн. Тус сургуулийн амжилт ололт, түүхэн замнал, өнөөгийн баялаг намтрыг нэгээхэн дурсамжид багтааж өгүүлж баршгүй.

Төрөлх сургуулиас хүний ухамсарт амьдралын гараа эхэлдэг тул суралцаж байсан үеийнхээ дурсамжийг толилуулж сургууль, багш нараа үеийнхэнтэйгээ дурсан санах гэж үүнийг тэрлэлээ.

Дархан хотын 1-р сургууль СОТ-1 орос трестийн зүүн талд сангийн аж ахуйн дэлгүүрийн урд  тухайн үедээ тэр хэсэгтээ хамгийн том гурван давхар улаан ягаан байшин байсан. Захирал Балдандорж гэж маш нэр хүндтэй сургуулийн хойд хэсэгт гэр нь байдаг ахмад багш байв. Тэдний дунд хүү Б. Ганбаатар бид нар 1983 оны төгсөлт юм.

Манай ангийг 1973-1976 оны хооронд бага ангийн багш  Адилбиш, дунд ангийг монгол хэл уран зохиолын Булган, ургамал-амьтан судлал, биологийн багш Л. Дамдинсүрэн, 8-10 ангийг математикийн багш Д. Амгалан нар дааж сургасан. Адилбиш багшийг маань хүүхдүүдийн суурийг бага ангид нь тогтоож өгдөг ахмад туршлагатай сайн багш гэж эцэг эхчүүд маань магтан ярилцдаг байсан. Сургуулийнхаа 50 жилийн ойгоор 90 гаран настай Адилбиш багштайгаа уулзахад биднийг андахгүй таньж байж билээ.

4, 5-р ангийг Булган багш маань дааж төгсгөсөн. Хүүхдийн бичгийн хэвийг тогтооно гэж 4-р ангид сурдаг жил хүүхэд бүрээр 100-120 хуудастай уран зохиолын ном хуулан бичүүлж зөв, хурдан бичих дадал суулгаж байж билээ.  Булган багш шинэ Дарханы сургууль руу   шилжин  Л. Дамдинсүрэн багш 6,7-р ангид дааж   авч сургасан.  Данигай багш маань их шулуун шударга, чанга дуутай, үнэн үгтэй багш байсан. Багш нарын өрөөнд шатар тоглоод ярьж хөхөрч байгаа нь тодхон сонсогддог байв. Манай сургуулийн шинэ байр 1978 онд  ашиглалтанд орж будаг нь ханхалсан саруулхан танхимд хичээл орж, анги танхимаа шинээр тохижуулахад багш, сурагч бүр идэвхитэй оролцож байснаа тодхон санаж байна.

Дархан хотод математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээх асуудал 1976-1977 онуудад яригдаж 1977 онд Д. Амгалан багш зохион байгуулж анхны ангийг 1980 онд төгсгөсөн.  1980-1981 оны хичээлийн шинэ жилд Дархан хотын боловсролын газраас албан ёсоор математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги  нээх шийдвэр гарч  сургалтын хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн хоёр дахь нь манай анги юм. Дархан хотын 1,2,3,7,9-р арван жилийн сургуулиудаас сонгогдож ирсэн 34 хүүхэд сонгоны ангийг бүрдүүлж байв. Шинэ хүүхдүүд цугларч танилцахад их сайхан байсан. Охидууд хөвгүүдгүй онц, сайн сурлагатанууд, эелдэг харьцаатай хөөрхөн охидууд, тоо бодож шатар тоглох дуртай хөвгүүд л цуглаж байсан.

Сурагч үеийнхээ дурсамж, багш нарынхаа тухай уулзах бүрдээ дурсан ярьж хүүхэд нас, төрөлх сургуульдаа эргэн ирсэн мэт шинэ хүч, урам зоригтой болдог нь сургууль, багш нарын маань гэгээн үйлс,  сайхан сэтгэлийн үр шим байх.

          Биднийг 8-10-р ангид сурч байхад захирлаар  Д. Батболд, хичээлийн эрхлэгчээр Ё. Түдэв, С. Дэлгэржав нар ажиллаж, ахмад багш Гомбожав, Чимэд нар түүх газарзүй, Г. Цэндээхүү- түүх нийгэм судлал, Л.  Дамдинсүрэн (Данигай багш) – амьтан ургамал судлал, Норжин, Л. Даваажав, С. Лажиймар – Монгол хэл уран зохиол, С. Цэрэндорж – хими, Ч. Сандагдорж шугам зураг, Товууч, Тогоо багш нар – дархан, мужааны хичээл,  дунд үеийн багш Д. Сугар, С. Наваандамба, түүний эхнэр орос хэлний багш Д. Цагаанхүү, Хорлоо, Хасбаатар, Жаргалсайхан (пионерийн Жагаа), С. Мягмар зэрэг олон сайхан  багшаар хичээл заалгаж сургаалийг нь сонсож байсан маань саяхан мэт. Манай багшийн үеийн шижигнэсэн залуу багш Д. Баатархүү, Н. Отгонбаяр, Ц. Жигдэн, О. Лхагважав, Т. Дэлгэрмандах, паралель 10-р анги удирдсан Ч. Алтанцэцэг, Д. Балжинням, С. Эрдэнэбилэг, Л. Данигай багш нар, үерхэж явсан найз нараа дурсахад сайхан байна.

          Тухайн үеийн урлагийн үзлэг, намар, хаврын спортын спартикиад, шинэ жил,  хөдөлмөр зуслан хүүхдүүдэд сургахын хажуугаар эв найртай эвсэг хамт олон болох, ажлын амтыг мэдэрч ухаажих,тэсвэр хатуужил суух, авъяас чадвараа хөгжүүлэх, танилцаж үерхэх, хэн гэдгээ харуулах зэрэг ажил амралт хосолсон маш сайхан арга хэмжээ байж.  Хөдөлмөр зусланд ажлын дараа ядарснаа ч мэдэхгүй хөгжилдөн, гитар тоглон дуулж, бие биенээ цаашлуулан тоглодог байсан, бусад сургуулийн зусланд очиж мөн тэднийг урин хоолны зааландаа фанеран гитарын аялгуунд бүжиглэж танилцаж явсан маань саяхан мэт  санагдаж байна.

Дарханы Орос, Монгол сургуулиудын дунд “Алтан шайб” хоккейн тэмцээн жил бүр болж Дархан шигшээ баг улсын аваргын олон түрүүг авч байсан. Дархан хотын аварга шалгаруулах хоккейн тэмцээнд 1,3-р орос цэргийн батальон, СОТ-1  Орос трестийн багууд, Шарын голын уурхайчин зэрэг 7-8-н баг оролцдог байсан. Тэр үеийн хүүхдүүд бид хоккей их тоглодог байж.

1983 онд манай анги сургуулийн урлагийн үзлэгт түрүүлж, манай ангийн Р. Ганболд чөлөөт бөхөөр, Ж. Баттунгалаг ширээний теннисний төрлөөр хот, бүс, улсын аваргын тэмцээнд байнга амжилттай оролцдог, хөвгүүд  9,10-р ангид, 1982-1983 онуудын улсын математикийн олимпиадад бүгдээрээ оролцож Т. Буянбат, Д. Лхагвасүрэн, Х. Мейрбан нар 3 болон шагналт байранд шалгарч байсан.

Ангийн эвлэлийн үүрийн даргаар 8-10 анги төгстөл Д. Мөнхжаргал, ангийн даргаар 8-9-р ангид Ж. Баттунгалаг, 10-р ангид би сонгогдож  байв. Манай ангийн Ш. Чимгээ, Г. Баттуяа, Ц. Оюунбаяр, Д. Энхбат, Б. Отгонцэцэг нар орос хэлэндээ, Л. Батцэцэг, Д. Болормаа нар химидээ, Х. Мейрбан, Т. Буянбат, Д. Лхагвасүрэн нар математикдаа, Д. Хишигбаяр, Ш. Энхтуяа, Т. Баясгалан нар физиктээ, Д. Батцоож, Р. Ганболд, Ж. Баттунгалаг, Э. Болормаа, Ч. Сарантуяа нар биеийн тамир спортод гойд сайн байсан.

1982 онд МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний үүрээр манай ангийн эвлэлийн үүр шалгарч сургуулийнхаа нэрийг улсын хэмжээнд гаргаж байв. Тэр үеийн МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний үүрийн цол тэмдэг, гэрчилгээ гэдэг  залуучууд, хамт олны маш их идэвх зүтгэл, нэр төрийн асуудал байж. Мөн математикийн анги мөртлөө 1982 оны Монгол хэл, хэл-бичгийн улсын олимпиадад манай анги тэргүүлж байсан юм.

Багш маань математикийн хичээлээс гадна бидэнд квант, бусад физик математикийн  сэтгүүлээс сэдэв өгч реферат хамгаалуулж, шатар тоглохыг дэмжиж, хагас бүтэн сайн өдөр бидэнтэй шатрын зэрэг тоглолт, теннис тоглож , өглөө бүр 7 цагаас орос хэлний хичээл зааж орос ном ашиглаж тоо бодох арга ухаанд сургаж байсан нь үнэхээр хүүхдүүдийнхээ алс ирээдүйг харсан хүний эрхэм чанар байж. Ер нь багш маань спорт, урлагийн аль ч төрлийг дэмждэг, амралт чөлөөт цагаа байнга бидэнтэй өнгөрөөдөг нь  сайхан санагддаг байсан.

Багш Д. Амгалан маань 2007 онд Монгол улсын гавьяат багш цол хүртэж сурагч бидэнд маш сайхан баярт үйл явдал болсон.

Манай анги төгсөлтийнхөө 5,10,15,20,25,30,35-н жилийн уулзалтыг зохион байгуулж 2023 онд 40 жилийнхээ уулзалтыг хамт төгссөн А,Б,В,Г ангиудтайгаа хамтран тэмдэглэж, төрөлх сургуульдаа мэдээллийн технологийн ололтыг сурталчлах телевиз дурсгаж ангидаа  багшаараа 40 жилийн дараа математик функцийг хялбаршуулсан аргаар бодох шинэ хичээл заалгаж ангийн багш Д. Амгалан, багш Ч. Алтанцэцэг, С. Эрдэнэбилэг нартайгаа уулзаж нэг өдрийг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлсэн.

Манай 1983 оны төгсөлтийн 10А анги их урлаг-спортлог, 10Б анги сурлага сайтай, 10В анги их коллективтэй, 10Г анги их хөдөлмөрчөөрөө ялгарч байсан санагддаг юм. Сая 40 жилийн уулзалтаар ярилцаж байхад бид сонгоны 10Д ангитай өөрсдийгөө харьцуулж хурцалж хичээдэг байсан гэж бусад ангийнхан маань дурсан ярьж байв. 10-р ангид ормогц хүүхэд бүр дурсгалын дэвтрээ нээж төгстлөө дурсгалаа бие биедээ халуун сэтгэлээр бичилцэн үлдээж байсан билээ. Уулзалт бүрийн өмнө эсвэл хааяа дурсгалаа нээж үзэн дурсамжаа сэргээхэд сайхан байдаг.

1983 оны төгсөлтөөс гавьяат дасгалжуулагч, тээвэрчин-2,  техник, хууль зүй, анагаахын шинжлэх ухааны доктор-3, 10 гаран спортын мастер, салбарын тэргүүний 60 гаран ажилтан төрөн гарчээ.  

Анги танхим маань гэр шиг,  багш нар маань гар нийлсэн сайн хамт олон, сайхан хүмүүс бидний дурсамж, сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Нэгэн жарныг түүчээлэн үлдээж шинэ жарнаа инээмсэглэн угтаж буй төрөлх сургуулийн маань ирээдүй улам гэгээлэг өрнүүн, сайн үйлс, үйл явдлаар дүүрэн, багш сурагчид нь оюунлаг, эвсэг бүтээлч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж дурсамжаа өндөрлүүлье.

                    

Д. Амгалан багштай 10Д ангийг 1983 онд төгсөгч Монгол Улсын Гавьяат тээвэрчин, техникийн ухааны доктор Л.Болд

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.