1934 онд АНУ-ын сангийн яамнаас хэвлэсэн $10,000-тын дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт болсон дуудлага худалдаанд $480,000-аар зарагджээ.
Дэвсгэрт гүйлгээнд ашиглагдаж байгаагүй, бараг шинээрээ байсан нь ийм өндөр үнэ хүрэх шалтгаан болсон байна.
2022 оны тавдугаар сард ижил чанартай ч серийн дугаар нь онцгой биш ийм дэвсгэрт $300,000-аар зарагдаж байжээ.
1934 оны $10,000-тын дэвсгэртийн өмнөх хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол 2020 оны есдүгээр сард $384,000 болж байсан юм.
“Том дэвсгэртүүд нь цуглуулагчдын сонирхлыг үргэлж татсаар ирсэн түүхийн ховор дурсгал юм” гэж дуудлага худалдааг зохион байгуулсан Herritage Auction байгууллагын төлөөлөгч Дастин Жонстон онцолжээ.
АНУ-ын сангийн яам 19 дүгээр зуун болон 20 дугаар зууны эхээр $500, $1,000, $10,000-тын дэвсгэртүүд хэвлэдэг байсан ч сүүлдээ хэрэгцээ нь багассан тул 1969 онд гүйлгээнээс татаж байсан гэдэг.
1934 онд $100,000-тын дэвсгэрт хэвлэсэн нь АНУ-ын түүхэнд хамгийн том дэвсгэрт юм. Гэхдээ үүнийг Холбооны Нөөцийн Банк болон засгийн газрын бусад байгууллагуудын хоорондын гүйлгээнд зөвхөн ашигладаг байсан гэнэ.
Өнөөдөр америк долларын хамгийн том дэвсгэрт нь АНУ-ыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг Бенжамин Фрэнклиний хөрөг бүхий 100-тын дэвсгэрт юм.
2009 оны байдлаар $10,000-тын 336 ширхэг, $5,000-тын 342 ширхэг, $1,000-тын 165,362 ширхэг дэвсгэрт бүрэн бүтэн үлдсэн нь тогтоогдож байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|