Неандерталь гентэй хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдолд илүү хүндээр өвчилж буйг Италийн эрдэмтэд тогтоожээ.
Марио Негригийн нэрэмжит Фармакологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн явуулсан энэ ажлын тайлан өнгөрсөн сард iScience шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Тэд цар тахлын эхэн үед нөхцөл байдал хамгийн хүнд байсан Италийн Бергамо мужийн 1,200 орчим сайн дурынхныг судалгаандаа хамруулжээ.
Ингэхэд хүний эртний өвөг дээдэстэй холбоотой “Неандерталь хаплотип” гэгддэг генетикийн хувилбарыг агуулсан хүмүүс илүү хүндээр өвчилснийг тогтоосон байна.
Тухайлбал ийм гентэй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад хүндрэх магадлал хоёр дахин өндөр, амьсгалын аппаратад орж, эрчим эмчилгээнд шилжиж магадлал гурав дахин өндөр байжээ.
Ер нь Неандерталь хүмүүсийн ДНХ болон орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндийн эрсдэлийн хоорондын хэлхээ холбоог харуулсан судалгаанууд өмнө нь хэд хэд хийгдэж байсан.
Харин энэ удаа Covid-19 өвчний хэлхээ холбоог илүү тодорхой харуулсан нь дээрх судалгааны онцлог болж байна.
Газар зүйн байрлалаасаа хамаараад өнөөдрийн Африк бус гаралтай хүмүүсийн генийн 1-4 орчим хувь нь Неандерталь төрөл зүйлээс өвлөгдсөн байдаг гэдэг. Ийм генийг хамгийн их агуулсан хүмүүс Зүүн Азид, дараа нь Европ тивд амьдардаг гэсэн тоо баримт бий.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!