Дэлхий дахинд өдөрт дунджаар хүн амын тоо 200,000-аар өсөж, цахим гэмт хэрэг үйлдэх зорилгоор 3.4 тэрбум мэйл илгээгдэж, байгальд гарч буй хүлэмжийн хийн ялгарал тогтмол өссөн хэвээр байгаа хэдий ч Тогтвортой байдлын төлөө бизнес эрхлэгчид, томоохон групп компаниуд дуу хоолойгоо өргөж үйл ажиллагаагаа “ээлтэй” болгоход чиглүүлж, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тогтмол олон нийтэд тайлагнасаар байна.
Сүүлийн жилүүдэд ААН, байгууллагууд энэ төрлийн тайланг жил бүр бэлтгэн нийтэлдэг болсон бол энэ удаа Юнител групп анх удаа олон улсын тайлангийн санаачилга (GRI)-д нийцүүлэн бэлтгэж олон нийтэд танилцуулсан 2022 оны Тогтвортой байдлын тайланд дурдагдсан сүүлийн үеийн хэд хэдэн онцлох ажлуудыг тоймлон хүргэе.
Байгаль орчин: Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нь
Бизнесийн бүх салбар дижитал хэрэглээнд суурилан цар хүрээгээ тэлж байгууллагуудын эрчим хүчний хэрэглээ тэр хэрээрээ нэмэгдсээр байгаа хэдий ч орчин үеийн шинэлэг технологи, байгальд ээлтэй шийдлүүдийг ашиглан асуудлыг шийдэх боломжуудыг тэд эрэлхийлсэн байна. Жишээ нь серверийн өрөөнүүдийг агаараар хөргөх, үүрэн сайтууд болон тэдгээрийн дэд бүтцийн эрчим хүчний хэрэглээг нарны зайн хураагуураар шийдвэрлэх, бааз станцууддаа цахилгаан хэмнэх тохиргоо хийх зэргээр тус бүрийн онцлогийг харгалзан үзсэн шийдлийг ашиглаж тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулалт хийснээр сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн байгальд ээлтэй эрчим хүчний хэрэглээгээ 51% нэмэгдүүлж чаджээ.
Нийгэм: Ажилтанд ээлтэй орчин
Ажилтны сэтгэл ханамжтай байдал нь компанийн зүгээс нийгэмд нөлөөлөх хамгийн ойрын нөлөөлөл болж байдаг. Юнител группийн хүний нөөцийн бодлого нь олон талт онцлог болон ижил тэгш оролцоот байдлыг эрхэмлэхэд оршдог байна. 2022 онд бусад компаниудыг манлайлж чадсан ажил нь компанийн зүгээс ажилтнуудаа Улаанбаатар хотын дөрвөн бүсэд байршилтай шинээр нээгдсэн дундын оффисуудаас сонгон ажиллах боломжийг олгожээ. Ингэснээр ажилтнууд төв оффист очихын тулд замын түгжрэлд зарцуулдаг байсан цагаа гэр бүл, хувь хүний хөгжил, бусад хүссэн зүйлдээ зориулах, түлшний хэрэглээ багасах зэрэг энгийн боловч нийгмийн өмнө тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан шийдэл болжээ.
Юнител группийн 2022 онд Тогтвортой байдлын төлөө хэрэгжүүлсэн зарим төслийн зургууд
Нийгэм: Боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх
Сүүлийн жилүүдэд олон улсад боловсролын тэгш бус хүртээмжийн асуудал хөндөгдөх болсон бөгөөд Монгол орны газар нутгийн онцлог, хүн амын тархан суурьшсан байдал зэргээс шалтгаалан хот суурин орон нутгийн хүүхдүүдийн дунд үүсдэг цахим боловсролын заагийг арилгаж, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр Юнител группээс UnitelHUB төслийг санаачлан эхлүүлсэн байна. Төслийн хүрээнд 21 аймагт иж бүрэн сургалтын орчныг тохижуулан, шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэж, тухайн төвийг хариуцан ажиллах багш, ажилтныг чадавхжуулан хүүхэд бүрд нээлттэй шинжлэх ухааны мэдлэг олж авах сургалтыг тогтмол явуулж төслийг урт хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Сургалтад хамрагдах хүүхдүүд робот бүтээн, код бичиж, шинжлэх ухаанч мэдлэг олж аван дэлхийн хүүхэд залуустай хөл нийлүүлэх боломж бүрдэх гэнэ.
Засаглал: Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал
Компани бүр эрсдэлгүй, найдвартай үйл ажиллагаа явуулахын тулд хэрэглэгчдийнхээ өмнө тэдний мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Юнител групп 2022 онд систем, сүлжээний төхөөрөмж, датабазыг 100% хяналтын системд холбож эцсийн цэгүүдийн 100%-д хамгаалалтын систем шинээр суурилуулан, нийт ажилтнуудаа мэдээллийн аюулгүй байдлын сургалт, шалгалтад хамруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлын бодлого журмуудаа тогтмол шинэчлэн сайжруулж орчин үеийн стандартад нийцүүлэхэд анхаардаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!