Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Парис 2024” олимпод оролцох Монголын тамирчдын ёслолын хувцсыг Ханбогд кашимер урлахаар болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг

“Парис 2024” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Ханбогд кашимер урлахаар болсныг Монголын үндэсний олимпын хороо мэдээллээ. 

Тодруулбал Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Гэрээний хүрээнд Ханбогд Кашимер ХХК нь МҮОХ-ны Алтан түнш болж байгаа бөгөөд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV олимп болон “Парис 2024” Зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны загварыг урлаж, 620 гаруй сая төгрөгийн өртөг бүхий ёслолын иж бүрэн хувцсаар ивээн тэтгэх юм. 

Түүнчлэн Ханбогд Кашимер ХХК нь “Парис 2024” олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой болжээ. 

Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг “Спорт, олимпизм болон Монголын баг тамирчдаа дэмжин ажиллах болсондоо баяртай байна. Канвон болон Парисын Олимпоос олон медальтан төрөн гарахыг хүсэн ерөөе” хэмээв. 

Ханбогд Кашимер ХХК нь 1998 онд байгуулагдсан бөгөөд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, органик ноолуур болгон боловсруулдаг аж үйлдвэрийн тэргүүлэгч үйлдвэр билээ. Түүнчлэн “Токио 2020” Олимпын наадмаас эхлэн МҮОХ болон Монголын баг тамирчдаа тогтмол дэмжин ажиллаж байна.

“Токио 2020” олимпод оролцсон Монголын баг, тамирчдын хувцсыг "Michel & Amazonka" урласан байдаг.