Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудынхаа гэр бүлийнхэнтэй байнга харилцаа холбоотой ажилладаг"

ikon.mn
2023 оны 9 сарын 12
ikon.mn
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №17 “Хасу Мегаватт” ХХК

“Нэг зорилгын дор, урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдүүлэхийг зорьж байна”

зураг
 
Үйлдвэрийн дарга Б.Доржсэмбэ /зүүн гар тал/, Хүний нөөцийн албаны дарга Р.Ган-эрдэнэ /баруун гар талаас хоёр дахь/, Хүний нөөцийн албаны мэргэжилтэн М.Мөнхсайхан /баруун гар тал/, үйлдвэрийн ажилтан С.Одгэлмаа /зүүн гар талаас хоёр дахь/ нар

Эрчим хүч түгээгч компани

зураг
 
“Хасу Мегаватт” ХХК нь эрчим хүч, төмөрлөг, уул уурхай зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Хаврын салхи хавирга нэвтэлсэн 4-р сарын дундуур бид Баянгол дүүрэгт байрлах “Хасу Мегаватт” ХХК-ийг зорив. Баянгол дүүргийн хувьд орон сууцны хороолол, худалдааны төвүүдээс гадна дунд голын эрэг даган талх, нарийн боов, ус ундаа, арьс шир, ноос ноолууран эдлэлийн үйлдвэрүүдээс гадна агуулах олноор байрлах ба том оврын машинууд тасралтгүй хөвөрч, хүнд машин техникүүд замын хажуугаар эгнээтэй байв.  

“Хасу Мегаватт” ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүч, төмөрлөг, уул уурхай, барилга угсралт гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ дэргэдээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бүхий компани юм. Түүнчлэн эрчим хүчний барилга байгууламж, өндөр болон нам даралтын зуухнууд, цахилгаан дамжуулах шугамууд, инженерийн шугам хоолой, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, засварын үйлчилгээг мөн үзүүлдэг.

“Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингэсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно” гэсэн уриатай тус компани нь Оюутолгой, Redpath зэрэг уул уурхайн томоохон компаниудын дэд бүтцийн төслийн ажлыг гэрээлэн гүйцэтгэдэг байна. Манай улсын хувьд үйлдвэрлэл болон гадаад худалдаа, зам тээвэр, үйлчилгээний салбарууд дотоодын эдийн засгийг голлон бүрдүүлдэг ба эрчим хүчний хомсдол хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байгаа энэ үед тус компанийн үйл ажиллагааны ач холбогдол нэн өндөр юм.

зураг
 
Хасу Мегаватт ХХК нь орчны тохируулга хийх тал дээр анхаарч ажиллаж байна. /зургийг компаниас авав/

Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль, тогтоомж  батлагдаж, улмаар ААНБ-ууд хуулийн квотыг ханган ажиллах шаардлага бий болсон. Мөн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулах болсны дээр хүний нөөцийн хомсдол зэргээс үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах тал дээр онцгой ач холбогдол өгөх болсон. Үүний нэг жишээ болох Хасу Мегаватт ХХК нь  сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр идэвх санаачилга гарган ажиллаж байна.

Тус компани нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудынхаа ажиллах таатай орчныг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд байгууллагын гадна хэсэгт машины зогсоолын тэмдэг тэмдэглэгээ хийх, налуу зам хийж, гулсалтаас хамгаалах наалт наах, мөн 2 давхрын ажилчдын хоолны газар руу өгсдөг шат болон ариун цэврийн өрөөнд халтиралтаас сэргийлсэн наалт нааж, бариул тогтоох зэрэг тохируулгуудыг хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд аль болох ээлтэй орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Нийт 550 гаруй ажилтантай бөгөөд тэдний 20 нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээр 20 ажилтны 11 нь тус компанийн дэргэдэх “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” болон офисст ажилладаг бол 9 нь төмөр хийцийн үйлдвэрт ажилладаг байна.

“Хасу Мегаватт ХХК”-ийн дэргэдэх “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв” нь Герман улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт бүхий олон улсын хамтын ажиллагааны компани GIZ-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулагдсан аж. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын нэг бол 2020 оноос үйлдвэрийн оффист ажиллаж буй С.Одгэлмаа юм. Тэр одоо 26 настай. Улаанбаатар хотод төрж, энгийн сургуульд суралцаж төгссөн. Дараа нь МСҮТ-д орж суралцан компьютер график, дизайнерын мэргэжил эзэмшжээ. Нэг өдөр эмээгийнх нь танил хүн “Хасу Мегаватт”-ын ажлын зарыг хараад түүнд хэлжээ. Тэр ажлын зарын дагуу холбогдож, ярилцлага өгснөөр Одгэлмаа одоогийн ажилдаа орсон гэнэ.

зураг
 
С.Одгэлмаа /тархины саажилттай/ нь 2020 оноос “Хасу Мегаватт” ХХК-ийн үйлдвэрийн оффист ажиллаж байна.

Түүний ажил нь өдөр бүр өглөө 7 цагаас эхэлж, өдөр 15 цаг 30 минутад дуусдаг. Түүхий эд захиалах, бараа бүтээгдэхүүн илгээх, орлого, зарлагын баримт бичиж, цэгцлэх ажлыг хариуцаж хийдэг. Тэр “Анх ажлынхаа агуулгыг ойлгохгүй хэцүү байсан. Өгсөн үүрэг даалгаврыг ч сайн ойлгодоггүй байсан” гэж ажилд анх орсон үеэ дурсан ярив.

Одгэлмаа үргэлжлүүлэн “Үйлдвэрт голдуу эрэгтэй хүмүүс ажилладаг болохоор эхэндээ их ичдэг байсан ч одоо бол гайгүй болсон. Анх үйлдвэрийн даргаас ч их айдаг байсан. Гэхдээ маш сайхан зантай хүн. Ажил дээр байнга зааж зөвлөдөг. Бас ажлынхантайгаа долоо хоногт нэг удаа сагсан бөмбөг, ширээний теннис, гар бөмбөг тоглож, цагийг маш хөгжилтэй өнгөрүүлдэг” гэж ярив.

зураг
 
Үйлдвэрийн дарга Б.Доржсэмбэ /баруун гар тал/ бол Одгэлмаад байнга зааж зөвлөж, тусалж ажилладаг.

Тухайн ажилтныхаа зан байдалд тохируулан харилцах шаардлага ч гардаг

Одгэлмаад өдийг хүртэл зааж зөвлөж, дэмжиж тусалж ирсэн хүн бол үйлдвэрийн дарга Б.Доржсэмбэ юм. “Одгэлмаа манайд ажилд орохоосоо өмнө нийгмийн харилцаанд бараг орж үзээгүй юм уу гэмээр байсан. Энгийн, ажил хэргийн зүйл ярьж байхад загнаж байна гэж бодоод уйлчихдаг байсан” гэв. Одгэлмааг нээлттэй болгох гэж их олон арга хэрэглэсэн гэнэ.

Эхлээд ажил гэхээсээ илүү Одгэлмааг өсгөсөн эмээгийнх нь талаар асууж зэрэг аль болох энгийн зүйл ярьж, бусадтай харилцахдаа айдастай байдаг тэр байдлыг нь арилгахыг хичээсэн байна. Бас Доржсэмбэ дарга угийн чанга дуугаар ярьдаг болохоор Одгэлмаатай ярих үедээ аль болох дуугаа намсгаж, аядуу зөөлөн ярихыг хичээдэг гэнэ. Энэ бүхний үр дүнд Одгэлмаа жил орчмын өмнөөс харьцангуй нээлттэй болж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч,  ажлаа ч сайн гүйцэтгэдэг болжээ. “Сүүлийн үед захиалга болон бараа хүлээн авахдаа бараг алдаа гаргадаггүй болсон болохоор ажил даалгахдаа санаа зовохоо больсон” гэж Доржсэмбэ даргыг ярихад хажууд нь сууж байсан Одгэлмаа царайдаа инээмсэглэл тодруулав.

зураг
 
Доржсэмбэ дарга, Одгэлмаа нар үйлдвэрийнхээ оффист

Ингэж тухайн ажилтныхаа зан байдалд нь тохируулан дуу хоолой, харьцаа хандлага дээрээ анхаарсны дүнд харилцан итгэлцлийг бий болгож чаджээ. Доржсэмбэ дарга анх 20 жилийн өмнө Хасу Мегаватт ХХК-д ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд таван жилийн өмнөөс үйлдвэрийн дарга хийж байгаа аж. Үйлдвэрийн даргаар ажилласан энэ таван жилийн хугацаанд Одгэлмаагаас гадна сонсголын бэрхшээлтэй, нэг гар нь бэрхшээлтэй гэх мэт өөр бусад хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа ч дэмжиж ажиллаж иржээ. Доржсэмбэ дарга “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууддаа аль болох бусад ажилтнуудтай адил шаардлага тавьж ажиллахыг хичээдэг. Өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хязгаарлаж, биеэ барих хэрэггүй шүү гэж байнга хэлдэг” гэв.

Тэр үргэлжлүүлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажил хариуцуулж болох уу гэх асуулт их ирдэг байсан. Тэр үед нь “Бидэнтэй л адил хүн. Хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь хамаагүй шүү дээ” гэж хариулдаг байсан. Одоо бол тийм зүйл асуудаг ажилтан байхгүй ээ. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт харьцангуй сайжирсан нь мэдрэгддэг” гэж ярив. Доржсэмбэ даргаас “Та яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ингэж их дэмждэг юм бэ” гэж асуухад, “Хүүхэд байхдаа сонсгол муутай эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Эмээгийнхээ гар хөлийн үзүүрт гүйж, их тусалдаг байлаа. Магадгүй тэр үеэс хүнд туслах, ялангуяа ямар нэг бэрхшээлтэй хүнд тус нэмэр болох юмсан гэсэн сэтгэхүй суусан байх” гээд инээв.

зураг
 
Хүний нөөцийн мэргэжилтэн М.Мөнхсайхан /зүүн гар тал/ болон Хүний нөөцийн албаны дарга Р.Ган-Эрдэнэ нар. Мөнхсайхан мэргэжилтний хувьд 2023 оны 3-р сард DPUB2 төслөөс зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхан шатны сургалт”-д хамрагдсан.

Ажилтан шинээр авахдаа алсын хараатай хандах хэрэгтэй

Тухайн компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан ажлын зар гаргадаггүй бөгөөд ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажлын ярилцлага хийдэг. М.Мөнхсайхан хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд энэ оны 3-р сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл DPUB2”-оос зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхан шатны сургалт”-д хамрагдаж, ажлын байрны дадлагажуулагчийн сертификат гардан авсан юм. Тэр 2020 оноос эхлэн компанийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Оюутолгой ХК-д цахилгаан, эрчим хүч ханган нийлүүлдэг Хасу Мегаватт ХХК-ийн салбар компанийн 150 гаруй ажилтныг мөн давхар хариуцан ажилладаг байна. 

Мөнхсайхан “DPUB2 төслийн сургалтын талаар ХБХХЕГ-ын Facebook хуудаснаас мэдэж бүртгүүлсэн. Жилийн өмнөөс л энэ сургалтад оролцох сонирхолтой байсан ч ажлын шаардлагаар оролцож чадахгүй байсан. Харин өнгөрөгч 3-р сард болсон сургалтад хамрагдаж чадсан. Сургалтаар олон ч зүйл олж мэдсэн. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг тохирсон ажилд томилохын тулд үнэлгээг сайтар хийх хэрэгтэй, бас үргэлжилсэн дэмжлэгийн ач холбогдол зэргийн талаар онол болон дадлага ажлаас маш сайн ойлгож авсан. Энэ талаар илүү эрт мэдлэг, мэдээлэлтэй болсон бол өнөөдрийг хүртэл ажлаас гарсан хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд маань одоо ч ажиллаж байж магадгүй л юм” гэж ярив.

зураг
 
Үйлдвэрт байрлах төлөвлөгөөний самбарт хүн нэг бүрийн хийх ажил, анхаарах зүйлсийг бичиж тэмдэглэжээ.

Мөнхсайхан мэргэжилтэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаад ажлын эхний ярилцлага дээр маш их анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон гээд, “Ажлын ярилцлагад ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн шууд л өөрийн давуу тал, чадвар зэргээ бүрэн илэрхийлж чадахгүй тохиолдол байдаг. Тийм учраас тухайн хүнийг шууд дүгнэх боломжгүй юм. Ажлын орчиндоо дассаныхаа дараа ур чадвар нь илэрдэг хүн олон бөгөөд тэдэнд эхлээд нийгмийн харилцаанд орох боломжийг нь нээж өгөх нь чухал гэж боддог” гэв.

Үүний жишээ болгож тэр “Одоо манайд хэл яриа, сэтгэцийн бэрхшээлтэй залуу гагнуурчнаар амжилттай ажиллаж байна. Бас оффист ажилладаг нэг гар нь хөдөлгөөний бэрхшээлтэй ажилтан маань давхар төсөл удирдан ажиллаж байгаагаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хөгжлийн бэрхшээлтэй ажилтан удахгүй Оюутолгой ХК-д гэрээгээр ажиллах болсон” гэж бахархан ярив.

Ажлын ярилцлагад орж, улмаар ажилд авах нь тодорхой болох үед тухайн хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг ямар салбар хэсэгт томилж, ямар ажил хариуцуулах талаар Мөнхсайхан мэргэжилтнээс гадна хүний нөөцийн албаны дарга Ган-Эрдэнэ, үйлдвэрийн дарга Доржсэмбэ нар ярилцаж шийддэг байна. “1-рт хамт олны харилцаа, 2-рт удирдлагын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, 3-рт гэр бүлийн дэмжлэг гэсэн гурван хүчин зүйл чухал” гэж Доржсэмбэ дарга яриандаа онцолж байсныг энд дурдъя.

Хүний нөөцийн албаны дарга Р.Ган-Эрдэнэ “Ажлаас гарах хүсэлтийг шууд л хүлээж авалгүйгээр эхлээд тухайн ажилтантай сайтар ярилцаж, яг юун дээр сэтгэл дундуур байгаа талаар нь асууж мэдэх нь чухал” гээд “Одгэлмаагийн хувьд корона тусч, нэлээд хүндэрсэн учраас ажилдаа олон өдөр ирээгүй. Дараа нь бие нь сайжирсан ч ажилдаа ирэхгүй байсан болохоор ар гэрийнхэнтэй нь холбогдож, ярилцаж ойлголцсоны үр дүнд, ажилдаа буцаж орсон” гэж ярив.

зураг
 
Одгэлмаа үйлдвэртээ ажиллаж эхэлснээс хойш илт өөрчлөгдөж, бусадтай харилцах тал дээр нээлттэй болжээ.

Эмээ нь ч гэсэн ач охиныхоо өөрчлөлтийг олж харжээ

Нэг өдөр Доржсэмбэ дарга руу Одгэлмаагийн эмээ залгав. Эмээ нь “Манай ач охин Одгэлмаа танай үйлдвэрт ажиллаж эхэлснээс хойш илт өөрчлөгдөж, их яриа хөөрөөтэй болсон. Бас өөртөө анхаарч, гоёж гангалах дуртай болсон шүү” гэж талархлаа илэрхийлж утасдсан гэнэ.  Энэ нь зөвхөн Доржсэмбэ дарга төдийгүй ажилтан нэг бүрийг урт хугацаанд, тогтвор суурьшилтай ажиллуулахын төлөө хамт олноороо нэгдэн ажиллаж буй тус компанийн хамт олонд урам зориг өгсөн үйл явдал болсон гэнэ. “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд авч ажиллуулахын оронд ажлын байрны төлбөр төлөөд өнгөрдөг байгууллага цөөнгүй байдаг гэж сонсогддог ч бидний хувьд аль болох олон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авч, хамтран ажиллахыг хичээдэг” гэж Доржсэмбэ дарга ярианыхаа төгсгөлд хэлэв.

“Хасу Мегаватт” ХХК нь хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтнүүд төдийгүй үйлдвэрийн дарга болон ажилтнуудтайгаа хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Тэгш байдлыг эрхэмлэсэн тус компанийн үйл ажиллагаа нь DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдэж буй ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагаатай яв цав нийцэж байна. Цаашид ч манай төсөлтэй хамтран ажиллаж, эрчим хүч, барилга, уул уурхай гэсэн томоохон салбаруудад олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авч ажиллуулна гэдэгт итгэлтэй байна.

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

“Хасу Мегаватт” ХХК

Үйл ажиллагааны чиглэл

Цахилгаан эрчим хүч, барилга, уул уурхай, төсөл

Нийт ажилтны тоо(Хасу Мегаватт ХХК)

500 гаруй ажилтан/2023 оны 4-р сарын байдлаар/

Ажилтны тоо(Үйлвэр)

 60 гаруй ажилтан /2023 оны 4-р сарын байдлаар/

Нийт хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо(Хасу Мегаватт ХХК)

20 ажилтан /2023 оны 4-р сарын байдлаар/

/Тархины саажилт, сонсголын бэрхшээл, харааны бэрхшээл, бие эрхтний бэрхшээл/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо(үйлдвэр)

9 ажилтан /2023 оны 4-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулах болсон шалтгаан

Хуульд заасан квотыг хангахын зэрэгцээ байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг ажиллуулах болсон

Авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд орох хүсэлт гаргасан тохиолдолд Хүний нөөцийн хэлтэс болон үйлдвэрийн даргын бүрэлдэхүүнтэйгээр  ажлын ярилцлага хийж, тухайн хүнд сайтар үнэлгээ хийнэ
  • Ажлаас гарах хүсэлт гаргасан ажилтантай тусгайлан уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсдог.
  • Долоо хоногт нэг удаа хамт олноороо заланд тоглож чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх тал дээр анхаардаг .
  • Хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд аль болох бусад ажилтантай ижил шаардлага тавьж ажилладаг. Энэ нь тухайн ажилтан бэрхшээлтэй гэдгийг нь онцлолгүй тэгш харилцаж буй хэлбэр юм. 

 Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2022 оны 6-р сараас “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд байна.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222