Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар нь сэргээх, ойн зурвасыг өргөтгөх зэрэг ажлыг цогцоор нь хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

"Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл"-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга, холбогдох яам, агентлагуудын удирдлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авч уулзав.

Ширгэхдээ тулаад байсан энэ нуурыг хамгаалах ажлыг 2016 онд эхлүүлснээр усны түвшин нь одоогийн байдлаар 2005 оны түвшиндээ хүрээд байна.

Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Ганга нуурыг сэргээсэн нь цаашид Хөвсгөл, Өгий, Хэрлэн, Өгий, Туул, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх ажлын эхлэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэж, төслийн II шатанд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлэхээ хэлэв.

зураг
 

Төслийн эхний шатанд ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон Молцог элсний ургамалжилтын судалгаа хийн, бэлчээрийн усан хангамжийн 10, ойжуулах талбайн усалгааны гурван худаг гарган, нуурыг тойруулан хамгаалалтын 15 км гаруй хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм.

II шатанд Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалж нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх зэрэг ажлыг цогцоор нь бүрэн хийж дуусгана гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.