Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д пуужин нийлүүлэх Ираны оролдлого бүтэлгүйтсэнийг Израилын тагнуулын байгууллагын тэргүүн мэдээлэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Израил улсад зохион байгуулагдсан жил тутмын терроризмтой тэмцэх хурлын үеэр тус улсын тагнуулын төв байгууллагын тэргүүн ОХУ-д пуужин нийлүүлэх Иран улсын оролдлого бүтэлгүйтсэн талаар мэдээлжээ.

Моссадын захирал Дэвид Барнеа өчигдөр тус чуулганд оролцохдоо  “Ойрын үед өөр бусад яриа хэлцлүүд нь ч бас бүтэлгүйтэх төлөвтэй байгааг би мэдэрч байна” гэж хэлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Украины дайнд ашиглах зэр зэвсэг олж авахын тулд Оросын эрх баригчид Иран, Умард Солонгос зэрэг орнуудтай идэвхтэй харилцаж байгаа.

Өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг Оросын дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийн хурдыг сааруулсантай энэ нь холбоотой.

Ираны дэглэмийн хувьд олон зуун Шахед-36 нисгэгчгүй онгоцыг Оросын талд нийлүүлсэн нь өнөөдөр Украины хотууд руу довтлоход ашиглагдаж байна.

Одоогоор Оросын арми Украины дайнд зөвхөн өөрийн үйлдвэрийн пуужингуудыг ашиглаж байгаа юм.

Барнеа өчигдөр ярихдаа Тегераны дэглэм Орос улсад богино болон дунд тусгалын пуужингууд нийлүүлэх санаатай байжээ.

Хариуд нь Ираны тал өөртөө дутагдаж буй зарим зэвсгийн технологийг шилжүүлж авах сонирхолтой байсан гэнэ.

“Иранд дутагдаж буй зүйлсийг Орос улс нийлүүлэхээс бид болгоомжилж байна. Манай улсын аюулгүй байдал, цаашлаад оршин тогтнолд заналхийлэх хэмжээний зэвсэгтэй болохоос бид болгоомжилж байна” гэж Барнеа хэлжээ.

Тэрбээр бас Тегераны дэглэмд цөмийн зэвсэгтэй болох боломж олгохгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

“Ираны цөмийн зэвсгийн амбиц, үүнийгээ хэрэгжүүлэх өмнөх оролдлогууд нь нэгэнт ил болсон зүйл. Энэ санаархлыг таслан зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг өндөр сонор сэрэмжтэй байж, тууштай, шийдэмгий байдлаа харуулах шаардлагатай” гэж Барнеа анхааруулжээ.

 

Эх сурвалж: Associated Press, Times of Israel