Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон. Тус төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны протоколыг албажуулсан болохыг БХБЯ-наас мэдээллээ.
Тус цогцолбор нь 58,560 м2 талбайтай байх бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, усанд сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнес, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, нийт иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа чийрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Монгол Улсыг төлөөлж Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БНХАУ-ыг төлөөлж Хятадын үндэсний олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Жаохүй нар протоколд гарын үсэг зуржээ.
Протоколд хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийн судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажил болон төслийн менежмент, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлууд тусгагдан шийдвэрлэгдсэн байна.
“Президент спорт цогцолбор” төслийн ТЭЗҮ болон шаардлагатай суурь судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг Барилга, хот байгуулалтын яам Хятад улсын Тонг Жи их сургуулийн Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн багтай хамтран гүйцэтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!