Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдрын эмийн хулгай илэрсний дараа Умард Македонд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хорт хавдрын эсрэг эмийг улсын эмнэлгийн ажилтнууд хулгайлж, хар зах дээр дамлаж зардаг тухай мэдээлэл задарсны улмаас өчигдөр Умард Македон улсын нийслэл Скопье хотод олон мянган хүн засгийн газрынхаа эсрэг жагссан байна.

“Алуурчид” гэж уухайлан хашхирсан жагсагчид тус эмнэлгийн удирдлагууд болон эрүүл мэндийн сайдаа огцрохыг шаардаж байв.

Тэдгээрийн дотор эм олдоогүйгээс өөр орлуулах эмчилгээ хийлгэж байгаад амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд олон байжээ.

Умард Македоны ерөнхий сайд Димитар Ковалчевский иргэдийн бухимдлыг ойлгож байгаа ч үүнд нийт эрүүл мэндийн системийг буруутгах ёсгүйг мэдэгдсэн байна.

Тэрбээр хорт хавдартай өвчтөнүүдийн биеийн байдалд эмийн хомсдол нөлөөлөхгүйг учирлаж, эмийн хулгайн мөрөөр шалгалтыг эхлүүлснээ мэдээлсэн юм.

зураг
 

Эмийн хулгайн нууц сүлжээний талаар дуулиан хэдэн сарын өмнөөс тус улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ.

Тавдугаар сард эм хулгайлж буй нь хяналтын камерт бичигдсэн төрийн өмчит эмнэлгийн сувилагчийг цагдаа нар баривчилснаар ийм сүлжээ байдаг нь тодорхой болж байв.

Өнгөрсөн Баасан гарагт цагдаа нар тус эмнэлэгт болон эмнэлгийн хоёр ажилтны гэрт тусгай ажиллагаа явуулахдаа бичиг баримтууд, компьютерууд, хатуу дискнүүд зэргийг хураажээ.

Хавдар судлалын эмнэлгийн захирал Виолета Клисарова өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа сувилагч баривчлагдсанаас хойш эмийн хяналт, дотоод журмыг сайжруулснаа мэдээлсэн байна.

“Би энэ хэргийг илрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Яам хууль сахиулах байгууллагатай нягт хамтран ажиллаж, үнэн мөнийг олж тогтоох болно” гэж эрүүл мэндийн сайд Фатмир Мешити энэ үеэр мэдэгджээ.

Умард Македоны ерөнхийлөгч Стево Пендаровский мөн өчигдөр хийсэн мэдэгдэлдээ эмийн хулгайн сүлжээний гэм буруутнуудад зохих шийтгэлийг онооно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

“Бид зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын хүнд хэлбэрүүдтэй хатуу тэмцэж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд ял шийтгэлгүй өнгөрдөг соёлыг халах чадвартайгаа батлан харуулах хариуцлагатай цаг ирж байна” гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан хоёр сая хүн амтай Македон улс 2018 онд хөрш Гректэй газар нутгийн нэрийн маргаанаа шийдвэрлэж, нэрээ Умард Македон болгосон юм.

 

Эх сурвалж: Associated Press