Долоон насандаа анхны олон улсын тэмцээнээрээ Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолыг авч өдгөө Дэлхийн шатрын холбооны мастер, шатрын хоёр удаагийн дэлхийн аварга болсон ЕБ-ын 33-р сургуулийн сурагч Н.Содбилэгт болон түүний аав С.Наранболдтой ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
Н.Содбилэгт нь одоо “Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн дээд талын буюу 2,300 хүртэлх чансаатай ангилалд” болон “Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын 14 хүртэлх насны ангилалд” урилгаар оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм. 14 настай түүний одоогийн зорилго хамгийн залуу их мастер болох гэж тэрбээр хэлж байлаа.
- Тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
- Тэмцээний бэлтгэл болгож нэг сар өдөрт 6-7 цаг бэлтгэл хийсэн. Одоо амралтын байдалтай байна. Эхний тэмцээн арваннэгдүгээр сард болно.
- Ер нь хэр удаан бэлтгэл хийдэг вэ?
- Том тэмцээний дараа удаан амраад ахиад бэлтгэлдээ ордог. Тархиа амраах их чухал. Бэлтгэлийнхээ хажуугаар биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй байдаг. Байнга шатар тоглоод байхаар толгой өвдөж эхэлдэг. Тодорхой хугацаанд л эрчимтэй бэлтгэл хийж бусад цагтаа хүссэнээрээ амарч, тоглох цаг завтай байдаг нь шатарт илүү дуртай болгодог.
- Айлын том гэсэн. Дүү нартаа шатар зааж өгдөг үү? Өөрөө анх шатрыг яаж сурч байв?
- Намайг 5 настай байхад компьютерын хэрэглээг минь багасгах зорилгоор аав анх шатар тоглохыг зааж өгч байсан. Би гурван дүүтэй. Хоёр нь шатар тоглодог. Хоёулаа улсын аварга. Хамгийн бага нь жаахан байгаа болохоор одоохондоо тоглож эхлээгүй л байна.
- Ер нь шатрын спортын юунд нь хамгийн их татагдаж дурладаг вэ?
- Аав байнга шатартай холбоотой үлгэр ярьж өгдөг байсан. Тэгж байгаад дараа нь шатар заалгаад эхлэхээр их сонирхолтой санагдаж эхэлсэн. Одоо бол шатар тоглох нь их таалагддаг. Дэлхийн аварга болж шагналын тавцанд Монгол Улсынхаа төрийн далбааг авч гарах их гоё байдаг.
/5 настай буюу анх шатар тоглож эхэлсэн үеийн зураг/
- Гэрээрээ шатарчин болохоор гэртээ их шатар тоглодог уу?
- Гэртээ тийм ч их шатар тоглоод байдаггүй.
- Гэр бүлээрээ шатрын тэмцээнд хэр их оролцож байв? Хоорондоо өрсөлддөг үү?
- Энэ оны дөрөвдүгээр сард Грект болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хоёр дүүтэйгээ хамт гурвуулаа оролцох сайхан байсан. Манай 12 настай эмэгтэй дүү 13 настай охидын ангилалд тоглож сүүлийн өрөгт гарааны урхинд орж хожигдож хүрэл медаль авсан. Би бас хожиж байсан өргөө муу нүүдэл хийж тэнцэж дөрөвдүгээр байранд орж медаль авч чадаагүй нь жоохон харамсалтай байсан.
- Хүндэлдэг, даган дуурайдаг шатарчид хэн байна вэ? Тоглох арга барилыг нь дагаж дуурайдаг уу?
- Монголоос их мастер С.Билгүүн багш маань байна. Харин гаднаас гэвэл дэлхийн таван удаагийн аварга Магнус Карлсеныг хүндэлдэг. Магнус Карлсены "Play Magnus" аппликэйшнээр багаасаа тоглодог байсан учир хамгийн сайн мэддэг аварга шатарчин байсан. 2021 онд Дубай хотод Сургуулиудын багийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Магнус Карлсентай таарч зургаа даруулсан.
- Тэмцээнд ялж байсан хамгийн ахмад өрсөлдөгч чинь хэдэн настай байсан бэ?
- 60 гаран насны хүн байсан.
- Насанд хүрэгчидтэй тоглох, үеийн хүүхдүүдтэйгээ тоглох хоёр хэр ялгаатай байдаг вэ? Сонирхолтой туршлага, түүхээсээ хуваалцаач?
- Үеийнхэнтэйгээ тоглоход арай амар байдаг. Насанд хүрсэн, олон жил шатар тоглоод туршлага ихтэй болсон хүнтэй тоглох илүү хэцүү. Анхаарал их шаардагддаг. Сайн төвлөрч тоглохыг боддог. Гэхдээ хэд хэдэн удаа тактикт нь орж хожигдож байсан.
/8 насандаа Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан үеийн зураг/
- Хамгийн хэцүү тоглолт хэзээ болж байв? Шатар сонирхогчдын дэлхийн аварга ер нь өрсөлдөөн ихтэй байдаг байх, тийм үү? Хүнд тоглолтын үеэр сэтгэл зүйн бэлтгэлээ яаж хийдэг вэ?
- Дэлхийн Шатрын Холбооны мастер Петер Ананд гэдэг 21 настайдаа 2021 онд намайг 1,700 рэйтингийн ангилалд мөнгөн медаль авч байхад 2,000 хүртэлх ангилалд тасархай түрүүлж дэлхийн аварга болж байсан мундаг шатарчин байсан.
2022 онд 2,000 хүртэлх ангилалдаа дахиад түрүүлэх байх гэж хүмүүс ярьж байсан. Миний хувьд тэр жил нь энэ ангилалд Дэлхийн аваргад орж тоглож явсаар түүнтэй таарсан. Тоглохын өмнө аавтайгаа утсаар ярихад Аав "Аваргыг хожиж аварга болдог юм. Өөрийнхөөрөө сайхан тоглоод хожоорой" гэж хэлж байсан. Тэгээд л эмээх зүйлгүй өөрийнхөө хэмнэлээр удирдаж явсаар хожсон. Надад хожигдсоныхоо дараа ширээнээсээ босохгүй их удсан. Нэлээд сэтгэлээр унасан байсан.
- Олон дэлхийн аваргуудыг хожиж байв уу?
- Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1,700, 2,000 ангилалд түрүүлсэн хоёр дэлхийн аваргыг нийт есөн өрөг тоглож ес хожиж дэлхийн аварга болж байсан.
/13 насандаа Насанд хүрэгчдийн 2,000 хүртэлх чансаатай ангилалд түрүүлсэн үеийн зураг/
- Шатрын спортод уламжлалт шатраас гадна сүүлийн үед компьютерын цаанаас тоглодог онлайн шатрын тэмцээнүүд нэлээд гарч эхэлсэн. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Тоглож үзэж байсан уу? Ер нь хэр хэцүү вэ? Булхайцах асуудал гарч байв уу?
- Ковид 19-ийн үеэр нэлээд тэмцээнд онлайнаар тоглосон надад их сонин санагдсан. Учир нь нүүр тулаад тоглоход сайнгүй тоглодог хүүхдүүд шал өөр нүүгээд намайг болон мастеруудыг хожоод байсан.
Нэг жилийн өмнө Рапидын улсын аварга шалгаруулах тэмцээн дээр надаас гурав дүү хүүхэд түрүүлсэн. Тэр тэмцээн дээр би хожигдсон. Тэр хүүхэд арай л алдаагүй нүүгээд би гайхаад аавд хэлж байсан. Тэгсэн утас ашигладаг байсан гээд хоёр жил тоглох эрхээ хасуулсан гэж сонссон.
- Шатарчин бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг шүү дээ. Өөрийн чинь хувьд?
- Задгай байрлалд олон нүүдлээр толгойгоо их ажиллуулж тоглох дуртай. Битүү байрлалд тоглох дургүй. Олон боломжит хувилбарыг бий болгож, тактикийн довтолгоог хийж тоглох нь сонирхолтой байдаг.
- Өрсөлдөгч нараасаа анзаарахад ихэнх нь ямар алдаа гаргаж хожигддог вэ? Чи өөрөө хэцүү байдалд орж алдаа хийвэл яаж түүнээсээ гардаг вэ?
- Ямар ч хэрэггүй зүйл дээр удаан бодож цагтаа шахагдаж хожигдох байдал ажиглагддаг. Яг ашигтай удаан бодож тоглох юм бол алдах магадлал бага. Алдаж нүүсэн бол түүнийгээ засахаас илүү, нөгөө хүнээ сайн бодуулж алдуулах тал дээр ажилладаг.
Н.Содбилэгтийн дэлхийн хэмжээнд гаргасан амжилтуудаас онцолбол:
ОХУ-ын Сочи хотод болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэл насны ангилалд түрүүлж дэлхийн аварга болсон.
Үргэлжлүүлэн Н.Содбилэгтийн аав С.Наранболдтой шатрын бэлтгэл сургуулилт болон хүүхдийнхээ авьяас, дуртай зүйлийг нь эцэг, эхчүүд хэрхэн дэмжих хэрэгтэй талаар ярилцлаа.
- Н.Содбилэгтийн дэлхийн хэмжээний тэмцээнд түлхүү амжилт гаргадаг шалтгаан нь юу вэ?
- Монголд зохиогддог тэмцээнүүд байр, цаг хугацаа зэрэг олон шалтгаанаас болоод дэлхийн стандартаар болдоггүй. Цагаа хязгаарлаж маш хурдан тоглуулдаг. Үүнийг би ажиглаж мэдээд хүү маань удаан бодож, төлөвлөж тогловол дэлхийд амжилт гаргах боломжтой юм байна тийм учраас дэлхийн хэмжээнд л очъё гэж бодсон. Нэг стандарттай цагаар сайн бэлтгэл хийж байж л амжилтад хүрнэ. Нэг богинохон, нэг урт цагаар тоглоод байх юм бол өндөр зэрэглэлийн формоо олж авч чадахгүй шүү дээ.
- Манай улсад сүүлийн жилүүдэд бизнесийн байгууллагууд оюуны спортыг дэмжиж өндөр шагналын сантай тэмцээнүүдийг зохиохоос гадна тамирчдыг ивээн тэтгэдэг болсон байна. Олон улсын тэмцээнд оролцоход дэмжлэг их хэрэг болдог байх?
- Манай гэр бүлийн хувьд гурван хүүхэд шатрын спортоор хичээллэдэг учир жилд багадаа 30-100 сая төгрөгийг зөвхөн тэмцээнд оролцоход зарцуулдаг. Очсон тэмцээн болгоноосоо ганзага хоосонгүй ирдэг хүүгийнхээ авьяасыг тултал нь дэмжихээс гадна ирээдүйд шатрын спортоор хичээллэх хүүхдүүдэд жим мөр гаргаж өгөхийг хүссэн учраас бизнесээ хүртэл орхиод бүхий л амьдралаа шатрын спортод зориулж байна.
Степ Голд компани бол дан монгол залуучууд ажилладаг, олон нийтэд нээлттэй компани. Тийм ч учраас ялангуяа орон нутгийн хүүхэд, залуучуудын боловсрол, сурч хөгжих боломжийг их дэмждэг.
Тийм ч учраас ивээн тэтгэх байгууллага маш чухал. Манай хүүг одоогийн байдлаар “Степ Голд ХХК” болон “Монполимет Групп” хоёр ивээн тэтгэдэг. Маш их зардал гардаг учир нэг компани дангаараа ивээн тэтгэх хэцүү.
"Степ Голд" компанийн хувьд манай аавын нутаг буюу Дорнод аймгийн Цагаан овоо суманд үйл ажиллагаа явуулдаг. Дан монгол залуучууд ажилладаг, олон нийтэд нээлттэй компани. Тийм ч учраас ялангуяа орон нутгийн хүүхэд, залуучуудын боловсрол, сурч хөгжих боломжийг их дэмждэг. Орон нутгийн 1,600 гаруй оюутанд тэтгэлэг олгосон юм билээ. Манай хүүг шатрын спортод амжилт гаргахад нь тууштай дэмжиж байгаад бид их талархдаг.
- Дорнод аймгийн хувьд шатраараа их алдартай нутаг шүү дээ.
- Аав маань намайг бага байхад азарга адуугаар шатар тоглож сурч байлаа гэж ярьдаг байсан. Дорнод аймаг бол шатар их хөгжсөн газар. Настай хүмүүс шатар их тоглодог. Дээр үед Цагаан овоо, Хөлөнбуйр, Булган сумын нутагт их оюунлаг хүмүүс амьдарч байсан гэж ярьдаг. Тиймдээ ч тэдгээрийн залгамж халааг авч дэлхийд нэрээ дуурсгаж яваа хүүг маань ивээн тэтгэдэг компаниуддаа талархаж явдаг аа хэлмээр байна. Цаашид ч бас монголын бизнесмэнүүд оюуны спортыг дэмжиж ажилладаг болох байх.
- Улсаас дэмжлэг байдаг уу?
- Эдийн засаг хүнд байгаа энэ үед нэг хүүхдийн тэмцээнд зарцуулах жилийн бүх зардлыг даах компани байхгүй. Гадаадын улс орнуудын хувьд бүгдийг нь улс нь даадаг жишээтэй. Казахстанд гэхэд дэлхийн аварга болсон хүүхдийг дараагийн дэлхийн аваргад оролцох хугацаа хүртэлх бүх зардлыг нь улсаас нь буюу шатрын холбоо нь дааж байдаг. Бусад улсад тухайн амжилттай байгаа хүүхдийг дэмжихийн тулд ард нь бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Гэтэл манай улсад бүх юмных нь ард аав, ээжүүд нь л байна.
Манай гэр бүлийн хувьд хүүгээ олон улсын тэмцээнд оролцуулахын тулд байр, машин, гээд зараагүй зүйл байхгүй. Манай хүүгийн өмнө амжилт гаргаж байсан хүүхдүүдийн эцэг, эхчүүд ч мөн адил байр, машинаа зарах, цалингийн зээл авах гээд бүгд л адилхан замаар явж ирсэн. Тиймээс монгол хүмүүс дэлхийн хүмүүс шүү гэх ойлголтыг бий болгох зам мөрийг татсан тэдгээр эцэг, эхчүүдийн гавьяа бол үнэлж баршгүй талархууштай зүйл.
Одоо Монгол хүүхдүүд очсон тэмцээнийг өндөр чансаатай гэж үнэлдэг болсон байна. Дэлхийд шинэ өндөр чансааг тогтоож өгсөн байна шүү дээ. Хүмүүс надаас асуудаг “Хамаг юмаа зараад л шатар гээд явах юм, ямар ашигтай юм” гэж. Ашиг нь Монголын ирээдүй. Шатрын нүүдэл дээр хэнийг ч хуурч чадахгүй. Тиймдээ ч шатар тоглодог хүн яасан ч хүнийг хуурдаг хүн болохгүй, оюунлаг зөв хүн болж хүмүүжнэ.
- Тэмцээний өмнө бэлтгэлээс гадна амрах их чухал байх тийм үү?
- Одоо оролцох гэж буй тэмцээн арваннэгдүгээр сарын эхээр болно. Бид тэмцээн болохоос хэд хоногийн өмнө очиж цаг уур, орчинтойгоо танилцан замын стрессээ тайлж байгаад тэмцээндээ орохоор төлөвлөж байгаа. Шатар сэтгэлзүйн спорт учраас хэн сэтгэл санаагаа зөв удирдаж чадсан нь амжилт гаргадаг. Олон цаг нисэж очоод шууд тэмцээндээ ороод хожигдож байсан үе ч бий. Хамгийн гол зорилго нь дэлхийн аварга болохдоо ч биш. Манай дунд хүүхэд сүүлийн үед шатар сонирхохоо болиод цахим спортоор хичээллэмээр байгаагаа илэрхийлдэг болсон. Би “тэгээ” л гэж хэлдэг. Хамгийн гол нь хүүхдийнхээ хүсэл зоригийг хүндлэх хэрэгтэй.
- Хамгийн сүүлд орсон олон улсын тэмцээн хэдэн сард болсон бэ?
- Дөрөвдүгээр сард болсон.
Ямар багш дээр хэдэн цаг хичээллэж, юу заалгах зэрэг тооцооллыг би өөрөө гаргаж цагийн менежментийн хийж өгдөг. Энэ нь манай хүүд өөрийнхөөрөө тоглоход нь их тус болдог.
- Дөрвөн сар амралтын байдалтай байсан юм байна? Бэлтгэл, амралт хоёрыг яаж зохицуулдаг вэ?
- Хүүхдүүдээ олон улсын тэмцээнд явж ирснийх нь дараа заавал амраадаг. Дотооддоо болж буй тэмцээнүүдэд бол оруулдаг. Ороод хожих, хожигдох нь хамаагүй. Өдөр шөнөгүй эрчимтэй бэлтгэл хийлгээд байдаггүй. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаасаа өмнө хоёр сарын бэлтгэлийг графикийн дагуу хийдэг. Ямар багш дээр хэдэн цаг хичээллэж, юу заалгах зэрэг тооцооллыг би өөрөө гаргаж цагийн менежментийн хийж өгдөг.
Энэ нь манай хүүд өөрийнхөөрөө тоглоход нь их тус болдог. Түүнчлэн эрүүл мэндийн төв дээр байнгын хяналттай байж улирал бүрд үзүүлж шинжилгээ өгч дутагдсан эрдэс бодисоо нөхөж, хэрэгтэй витаминуудаа хэрэглэх жишээтэй бүх талаас нь нарийн төлөвлөдөг. Хавар, зун хүүхдийг хэт их шахах муу.
- Багш их чухал байх. Одоо ямар багш дээр хичээллэж байгаа вэ?
- Хүүд маань 10 насандаа Монголоос хамгийн анх Ази тивийн өсвөрийн шатарчдын аваргад түрүүлж байсан Г.Эрдэнэ гэж залуу багшилж байгаа. Ихэнх багш нар яг өөрийнхөө хуулбарыг гаргах гээд байдаг талтай. Тухайн хүүхдийн онцлог, зан төлөвийг ажиглаж, ямар арга барилаар тоглуулах, тэр хүүхдийг өөрийнхөөр нь гаргаж ирэх боломж зэргийг анзаардаггүй юм шиг санагддаг.
Манай хүүгийн хувьд онцлог нь ямар нэгэн онолын гараа гэхгүйгээр шатрыг өөрийнхөө өнцгөөр харж, тооцон, мэдэрч тоглож байгаа нь өөрийн гэсэн арга барилтай болгож байгаа юм. Хүн өөрийнхөө толгойгоор л тоглоно шүү дээ. Олон авьяастай монгол хүүхдүүд тоглохынхоо өмнө багшаараа хэдхэн цаг гарааны хувилбар заалгаж ороод олон жил тэр хувилбараар тоглосон хүүхэдтэй тоглоод хожигдож байсан түүх их бий.
Тийм учраас ямар ч нөхцөлд орсон өөрийнхөө оюун ухаанаар нөхцөл байдлыг үнэлж, асуудлаас гарах чадварыг суулгаж өгөх хэрэгтэй. Манай улсад мэргэжлийн дасгалжуулагч нар ховор учраас тухайн хүүхдээ мэдэрч чадахгүй, ганц хожлын төлөө хүүхдийг их шахаж байгаа нь ажиглагддаг. Хүүхэд байтугай мэргэжлийн тамирчин хүртэл бүтэн жилийн турш формтой байж чадахгүй шүү дээ. Дотоодын тэмцээн болгон дээр байнгын бэлтгэлтэй, хэт их шахуулж явсан хүүхэд дэлхийн хэмжээний тэмцээнд очихоороо ядарснаасаа болоод амжилт гаргаж чадахгүй байгаа тохиолдол их бий.
- Н.Содбилэгт олон хувилбараар өөрийнхөөрөө тоглож байгаа нь хүчтэй өрсөлдөгч болгодог байх тийм үү?
- Тийм ээ. Хүү маань 10 настай байхдаа Хятад Улсад зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр D4, E4-өөр гарч тоглож байсан. Олон хувилбараар тоглож байгаа нь өрсөлдөгч нар нь яг аль нь үндсэн тоглолт нь вэ гэдгийг судлахад хэцүү болж байгаа юм.
- Ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ ямар нэгэн зүйлийг сур гээд хэтэрхий шахах хандлагатай байдаг шүү дээ. Танай гэр бүлийн хувьд хүүхдүүдээ илүү чөлөөтэй байлгадаг нь дуртай зүйлдээ амжилттай байдаг шалтгаан нь болж байна гэж харагдаж байна.
- Хүүхдийн эрүүл мэнд нэгдүгээрт байх ёстой. Шатрын ард суугаад нэг зүйлийг удаан бодож суух нь ихсээд ирвэл хүүхдийн сэтгэлзүй их гэмтэнэ. Мэдрэлийн ядаргаанд орно. Нүдээ цавчих, нэг зүйлээ олон ярих зэрэг зуршилтай болдог. Тийм учраас тэмцээнээс бусад үед болж өгвөл хүүхдүүдээ шатраас хол байлгахыг хичээдэг. Ихэнх эцэг, эхчүүдийн гаргадаг алдаа нь хүүхдээ хэтэрхий их шахдагт байдаг.
Манай хүүгийн олон улсад амжилт гаргадаг гол нууц нь хэн нэгний дээр гаръя, тэрийг л ялах хэрэгтэй гэсэн дарамт, стресс байхгүй байгаад байгаа юм.
Улмаар хүүхэд дуртай байсан зүйлдээ дургүй болдог. Манай хүүгийн олон улсад амжилт гаргадаг гол нууц нь хэн нэгний дээр гаръя, тэрийг л ялах хэрэгтэй гэсэн дарамт, стресс байхгүй байгаад байгаа юм. Хүү маань монголд их хожигддог. Тэр болгонд дэлхийн аварга байж хожигдлоо гээд байх юм байхгүй. Тухайн өрөгтөө хожигдсон ч гэсэн тэр нь туршлага том зүйлийн эхлэл болж байгаа гэдгийг хүүхдэдээ сайн ойлгуулж байх хэрэгтэй. Хүүхэд бол түүнийгээ мэдэхгүй шүү дээ.
- Хүүхдээ шатар тоглодог болгохыг хүсдэг эцэг, эхчүүд их байдаг шүү дээ, тэдгээрт юу гэж зөвлөх вэ?
- Шатарт дургүй хүүхэд ямар ч сайн багш байгаад шатрын спортод амжилт гаргах боломжгүй. Тийм учраас эхлээд хүүхдээ яг ямар зорилгоор шатар тоглодог болгох гээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тогтвор суурьшилтай, зөв шийдвэр гаргадаг, асуудлыг олон талаас нь үнэлдэг хүн болгох гээд байгаа юм уу, эсвэл зөвхөн сууж сургах гээд байгаа юм уу, улс, дэлхийн аварга болгож гэж байгаа юм уу? гэдгийг бодох хэрэгтэй.
Монголд зохиогддог тэмцээнүүдэд 600-аас дээш хүүхдүүд ордог нь шатар сонирхдог хүүхдүүд их болсон нь харагдаж байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1,000 гаруй хүүхэд орсон тохиолдол байгаа. Түүний цаана шат шатандаа оролцсон нийт хүүхдийн тоог бодоод үзэхээр 10-аад мянга байх жишээтэй. Монголын ирээдүй ийм оюун ухаан шаардсан, тэсвэр тэвчээртэй болгодог оюуны спортоор хичээллэж байна гэдэг цаашдын нийгэмд их хэрэгтэй.
- Ярилцсанд баярлалаа. Одоо урилгаар оролцох гэж буй дэлхийн аваргын хоёр тэмцээнд нь Н.Содбилэгт болон танай гэр бүлд амжилт хүсье.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|