Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-аас Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Хараагүйчүүдийн-48” байрыг халуун устай болгожээ.
Тодруулбал тус байр нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд 60 өрхтэй, 200 гаруй иргэн оршин суудаг. Засвар хийхээс өмнө нь хавар, намрын улиралд огт халуун ус ирдэггүй байсан аж.
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр “Манай байгууллагад “Хараагүйчүүдийн-48” орон сууцны оршин суугчдаас халуун устай холбоотой гомдол тасралтгүй ирдэг байлаа. Өөрөөр хэлбэл, 2007 оноос хойш тус байрны халуун ус тасалддаг болсон.
Тэгвэл бид энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрсдийн хөрөнгөөр халуун усны өгөх, буцах Ф50-63 мм-н PPR-110 шугам татах ажлыг хийж, дээрх өрхүүдийг хэвийн халуун усаар хангах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Иргэдийн зүгээс дээрх ажилд сэтгэл хангалуун байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 352 сая төгрөгөөр дөрвөн байршилд инженерийн шугам сүлжээ солихоос өнөөдрийн байдлаар нэг ажил нь эхэлсэн, гуравт нь тендер зарласан” хэмээв.
“Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч Д.Отгонбаяр "Өмнө нь манай байрны халуун ус маш муу байсан. Ялангуяа халаалт авах, татах үед халуун ус ирдэггүй байлаа. Харин одоо халуун ус тасрахгүй болсон. Бага насны олон хүүхэдтэй болохоор өвлийн улиралд хэцүү байдаг байсан. ОСНААУГ-ын ажилчид баяр наадмын өдрүүдэд ч хүртэл амралгүй ажиллаж, биднийг халуун усаар хангаж өгсөн" гэв.
“Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч С.С.Хүрэлбаатар "Иргэд зуны улиралд 10 хоног халуун ус тасрахад л хэрхэн зутардаг билээ. Гэтэл манай байр хавар, намрын улиралд халуун усгүй байдаг байсан. Манай байранд ихэвчлэн харааны бэрхшээлтэй хүмүүс амьдардаг. Халуун усны асуудлыг шийдвэрлээд өгөөч гээд явах хүн нь цөөн. Харин ОСНААУГ-аас зардал, хүн хүчээ гаргаад халуун усны асуудлыг шийдвэрлэсэнд баяртай байна" гэлээ.
Эх сурвалж: ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!