Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Польш улс орчин үеийн түүхэндээ хамгийн том цэргийн парадыг зохион байгууллаа

Т.Давааням, ikon.mn
2023 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Польш улсын Зэвсэгт Хүчний Өдөр тохиож, нийслэл Варшав хотод цэргийн томоохон парад зохион байгуулжээ.

103 жилийн өмнөх энэ өдөр Польшийн арми Варшавын дэргэд Зөвлөлтийн Улаан Армийн түрэмгийллийг няцаасан түүхэн ялалтыг байгуулж байсан юм.

Өчигдрийн үйл явдал нь Хүйтэн дайны үеэс хойших хамгийн том цэргийн парадад тооцогдож байна.

Хөрш Украинд дэгдсэн дайн НАТО-гийн зүүн хил хязгаарыг хамгаалдаг Польш улсын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгаа.

“Улс орныхоо зүүн хил, Европын Холбоо, НАТО-гийн хилийг хамгаалах нь өнөөдөр Польшийн үндэсний ашиг сонирхлын чухал хэсэг болж байна” гэж тус улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Анджей Дуда парадын үеэр хэлжээ.

Парадад Польшийн арми орчин үеийн зэвсэг техникүүдээ үзүүлсэн байна.

Тухайлбал АНУ-д үйлдвэрлэсэн Abrams танкууд, HIMARS артиллерын хөдөлгөөнт систем, Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, F-16 сөнөөгч онгоц зэргийг энэ үеэр үзүүлжээ.

зураг
 

Мөн Өмнөд Солонгосоос худалдаж авсан FA-50 сөнөөгч онгоцнууд, K9 их буунуудыг, өөрийн үйлдвэрийн Krab өөрөө явагч их буу, Rosomak хуягт машиныг үзүүлсэн байна.

Парадад нийтдээ Польшийн болон НАТО-гийн гишүүн орнуудын 2,000 цэрэг оролцож, 200 байлдааны техник, 100 орчим нисэх онгоцыг үзүүлжээ.

“Наймдугаар сарын 15 бол зөвхөн Варшавын тулаанд ялалт байгуулсан баатрууд болон одоо үед эх орноо батлан хамгаалж буй цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлэх өдөр биш. Мөн хүч чадлаа харуулах, хил хязгаараа ямар ч эргэлзээгүйгээр хамгаалж чадах хүчирхэг армийг байгуулж буйгаа харуулах өдөр юм” гэж Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блащак  хэлжээ.

зураг
 

Польшийн армийн бие бүрэлдэхүүн найман жилийн өмнө 100,000 байсан бол өнөөдөр 175,000 даваад буйг ерөнхийлөгч Дуда хэлсэн үгэндээ дурдсан байна.

Мөн энэ жилийн батлан хамгаалах зардал түүхэн дээд хэмжээндээ буюу 137 тэрбум злот ($34 тэрбум) хүрснийг мэдээлжээ. Энэ нь Польшийн үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцэж байгаа нь НАТО-гийн бусад гишүүн орнуудын дотор хамгийн өндөр харьцаа болсон байна.

“Энэхүү асар том шинэчлэлийн зорилго нь Польшийн зэвсэгт хүчнийг хэн ч бидэн рүү дайрч зүрхлэхгүй болтол тоноглох юм. Польшийн цэргүүд хэзээ ч тулалдах шаардлагагүй болох тийм хамгаалалтын системийг бий болгох юм” гэж Дуда хэлжээ.

37 сая хүн амтай тус улс батлан хамгаалах зардлаа хэт нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэлийн хариуд Дуда “Бид зүгээр суух боломжгүй. Польшийн аюулгүй байдлыг мөнгөөр үнэлэх аргагүй” гэж тайлбарлажээ.

Украины дайн эхэлснээс хойш тус улсын засгийн газар зэвсэг техникт нийт $16 тэрбумыг зарцуулж, ихэвчлэн АНУ, Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдээс худалдаж авсан юм.

 

Эх сурвалж: Aljazeera

 

Зураг
15 | 15 | 13 цаг