Шведийн нийслэл Стокхольм хотод Коран судрыг шатаасан үйлдэл гарсны дараа тус улсын Исламын шашинт орнуудтай харилцах харилцаанд ноцтой зөрчил үүсээд байна.
Пүрэв гарагт бухимдсан олон зуун сүсэгтнүүд Иракийн нийслэл Багдад дахь Шведийн элчин сайдын яамны байрыг галдан шатаажээ.
Иракийн засгийн газар Шведийн элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөж, Стокхольм дахь өөрийн дипломат төлөөлөгчийг эгүүлэн татсан байна.
Иракаас дүрвэсэн загалмайн шашинтан Салван Момика гэгчид Коран судар шатааж, эсэргүүцлээ илэрхийлэхийг нь Шведийн цагдаагийн газар хоёр дахь удаагаа зөвшөөрснөөс зөрчил эхэлсэн юм.
Өнгөрсөн сард тэр Стокхольм хотын гол исламын сүмийн гадна Коран судрыг шатааж байжээ. Харин сүүлийн тохиолдолд Момика судрыг шатаалгүй, Иракийн элчин сайдын яамны гадна газарт хаяж, дэвсэлсэн юм.
Муслим хүмүүс Коран судрыг ариун хэмээн өргөмжилж, санаатай гэмтээх, хүндэтгэлгүй хандсан тохиолдолд үхлийн ялтай гэж үздэг.
Коран судрыг шатаах нь үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр гэж Шведийн шүүх дүгнээд цагдаагийн хоригийг цуцалж байв.
Багдад дахь элчин сайдын яамны байрыг нь шатаах үеэр бүх дипломатчидаа аюулгүй газарт шилжүүлж чадсанаа Шведийн засгийн газар мэдэгдсэн юм.
Иракийн засгийн газар уг халдлагыг буруушааж, голлон оролцсон 20 хүнийг баривчилсан байна.
Гэхдээ Момикад дахин Коран судрыг шатаах боломж олговол дипломат харилцаагаа таслахыг Шведийн талд анхааруулжээ.
Дараа нь Шведийн элчин сайдад нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлагыг Иракийн ерөнхий сайд Мохаммад Шиа Аль Судани хүргүүлсэн байна.
Мөн харилцаа холбооны томоохон компани Эрикссон зэрэг Шведийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалжээ.
Иракаас гадна Турк улсын засгийн газар Коран судар шатаасан хэрэгтэй холбогдуулан Шведийн элчин сайдад эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Швед улсын засгийн газар элчин сайдын яамны байрыг нь шатаасан үйлдлийг буруутгаж, харамсал илэрхийлжээ. АНУ, Европын Холбоо мөн Шведийн элчин сайдын яаманд гарсан халдлагыг буруутгаж, хамгаалж чадаагүй Иракийн эрх баригчдыг шүүмжилсэн юм.
Шведийн цагдаагийн газар эхлээд Момикагийн эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэрийг хориглож, арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй юм. Гэтэл сүүлд шүүх үг хэлэх эрх чөлөөг боомилсон шалтгаанаар уг хоригийг цуцалж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!