Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн бэртэж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн яаралтай тусламж авсныг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ. 

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч О.Лхагва-Очир "Долдугаар сарын 8-16-ны хооронд баяр наадмын амралт үргэлжилсэн. Энэ хугацаанд авто ослоос үүдэн бэртэж гэмтсэн иргэд их ирсэн. 

Иймд айраг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны цаана суухгүй байх, хурдаа зөв тохируулах нь чухал байна. "Нэг зам нэг соёл" аяны хүрээнд замын хөдөлгөөний дүрмээ чанд баримталж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж, аажуу тайван явахыг жолоочдод зөвлөе" хэмээв. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт:

  • 2020 оны 6, 7, 8 сард нийт 36,104 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн осол гэмтлийн шалтгаант 3,881
  • 2021 оны 6, 7, 8 сард нийт 33,513 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн осол гэмтлийн шалтгаант 3,309 
  • 2022 оны 6, 7, 8 сард нийт 42,886 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн шалтгаант 4,139 осол гэмтэл бүртгэгдсэн байна. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны байдлаар нийт 74,078 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн 5,629 осол гэмтэл бүртгэгдсэн. Үүнээс эрэгтэй 3,264, эмэгтэй 2,365, хүүхэд 1,702 байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.