Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улс НАТО-гийн удирдагчдаас хүсэн хүлээсэн амлалтаа сонсож чадсангүй

Т.Давааням, ikon.mn
2023 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Литвагийн нийслэл Вильнюс хотод хоёр өдөр үргэлжилсэн НАТО-гийн дээд хэмжээний чуулганаас Украин улс хүсэн хүлээж байсан амлалтаа сонсож чадсангүй.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг чуулганд ирэхдээ Орос улстай хийж буй дайныг дуусгасны дараа улс орноо НАТО-д гишүүнээр элсүүлэх амлалтыг авах зорилготой байв.

Харин НАТО-гийн удирдлагууд “бүх гишүүн орнууд санал нэгдэж, тодорхой нөхцөл шаардлагууд хангагдсаны дараа” элсүүлэх болзол тавьсан байна. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаа амлахаас зайлсхийжээ.

Эхэндээ Зеленский уг нөхцөлийг “учир утгагүй, тодорхойгүй” гэх зэргээр нэрлэж, бухимдлаа илэрхийлсэн юм.

Гэвч НАТО-гийн удирдлагуудтай нүүр тулан уулзаж, илэн далангүй ярилцсаны дараа түүний бухимдал дарагдсан байна.

Тухайлбал Их Британийн ерөнхий сайд Риши Сунак тус улсыг хэдийнээ НАТО-д харьяалагддаг болсон гэж үзэж байгаагаа Зеленскийд илэрхийлжээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг дараагийн удаа Зеленскийтэй эрх тэгш холбоотнуудын хэмжээнд уулзана гэдэгтээ итгэлтэй байгааг мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүнтэй уулзахдаа Украин улс зөв чиглэлд явж байгаа ба гишүүнээр элсэх нь гарцаагүйг хэлжээ.

Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос энэ удаагийн чуулган Украин улс НАТО-д харьяалагдахыг соёлын хувьд хүлээн зөвшөөрсөн ач холбогдолтой болсныг онцолсон байна.

Одоо Украин улс гишүүнээр элсэх нь зөв үү гэж асуух гишүүн байхгүй болсон, харин “хэзээ элсэх вэ” гэдэг асуулт зөвхөн үлдсэнийг тэр тайлбарлажээ.

Гэхдээ Вильнюсийн чуулганаас Зеленский ганзага хоосон буцаагүй байна.

Украин улс НАТО-д элсэх үйл явцад бага ч гэсэн ахиц гарч, Киевийн эрх баригчдын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх НАТО-Украины шинэ зөвлөлийг байгуулахаар болжээ.

Уг чуулганы үеэр Их Долоогийн бүлгэмийн гишүүн орнууд Украинд үзүүлэх зэр зэвсэг, эдийн засгийн тусламжийн шинэ багцыг батлахаар тохиролцсон юм.

Үүнд агаараас хамгаалах системүүд, алсын тусгалын пуужин, байлдааны нисэх онгоц, тагнуулын мэдээлэл солилцох хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдлын зэрэг тусламжууд багтсан байна.

 

Эх сурвалж: BBC