Уншиж байна ...

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын бүрэлдэхүүн хэсгийн авто замуудын засвар бүрэн дууссан

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2024 оны есдүгээр сард ашиглалтад орсон Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүрэлдэхүүн хэсэг болох замуудыг засварлаж, шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусна. Тэр үед нүхэн гарцын түгжрэл багасах байх гэж мэргэжилтэн өмнө нь мэдээлж байсан юм.

Энэхүү ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодруулахад "Таван шарын нүхэн гарцад хамрагдах Толгойтын гудамж буюу Залуус хорооллоос Номин агуулах худалдааны төв хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө нээсэн. Замыг засахдаа зарим хэсэгт хөрсөөр нь хуулж шинэчилсэн юм. Одоо явган зам, талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийг хийх ажил үргэлжилж байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийж байгаа юм. Уг ажил ойрын 2-3 хоногт дуусна.

Товчооны замын засвар, шинэчлэлт, буцах эргэлтийг хийж, хөдөлгөөнийг бүрэн нээсэн. "Энхжин" худалдааны төвийн урд замыг өргөсгөж, буцах эргэлтийг хийсэн. Тодруулбал Товчооны зам, Энхжин худалдааны төв, Номин агуулах төвийн замыг буцах эргэлттэй болгосон. Буцах эргэлтийг бродюроор тусгаарласан тул жолооч нар дуртай газраараа буцаж эргэж, дүрэм зөрчих боломжгүй. Таван шар, Залуус хорооллын ард талын замд буцах эргэлт хийхэд зай хэмжээ хүрэлцэхгүйн улмаас шинээр хийгдээгүй.

Нүхэн гарцын бүрэлдэхүүн хэсгийн авто замуудын засварын ажил бүрэн дуусаж, хэвтээ тэмдэглэгээг бүгдийг хийж, хөдөлгөөнийг нээсэн юм. Харин авто замын босоо тэмдэг, тэмдэглээ нь бүгд бэлэн, ойрын хугацаанд хийнэ гэдгийг нүхэн гарцын ерөнхий гүйцэтгэгч Хятад компанийн зүгээс мэдэгдээд байна. Үүнээс гадна нүхэн гарцын зүүн талд бага зэрэг эвдрэлтэй замыг хөдөлгөөн хаахгүйгээр нөхөөс хийх ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэхээ илэрхийлсэн. 

Таван шарын төмөр замын хаалттай гарам дээгүүр явган хүний гарцыг ирэх хавар хийнэ" гэж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын орчимд газар дээр нь очиж ажиллахад бүрэлдэхүүн хэсгийн замуудаар тээврийн хэрэгслүүд саадгүй нэвтэрч байсныг тэрбээр хэлж байв.

зураг
 
зураг