Мексикийн баруун хойд бүсийн Синалоа мужийн захиргаа Пүрэв гарагийн орой Халлоуины хувцас өмсгөл, баг хэрэглэхгүй байхыг ард иргэдэд анхааруулжээ.
Энэ нь уг шашны зан үйлийг хориглосон хэрэг биш харин картелын дотоод бүлэглэл хоорондын дайны үеэр жирийн хүмүүс дээрэмчидтэй андуурагдан алагдахаас сэргийлсэн арга хэмжээ байжээ.
Өнгөрсөн долдугаар сард Синалоагийн хүчирхэг картелын толгойлогчдын нэг “Эль Майо” хочит Исмаэл Замбада АНУ-ын нутаг дэвсгэрт баривчлагдсан юм.
Үүний дараа картел дотор фракц хоорондын дайн эхэлжээ.
Есдүгээр сараас хойш энэ дайнд хэдэн зуун хүний амь үрэгдэж, холбооны засгийн газар цэргийн хүчээ Синалоа мужид илгээгээд байна.
“Хувцас өмсгөл, нүүрний баг битгий хэрэглэ, хуванцар буу зэвсэг битгий авч яв. Ер нь хэнийг ч дуурайж хувцаслаад хэрэггүй” гэж Синалоа мужийн аюулаас хамгаалах газрын дарга Херардо Мерида хэвлэлийн хурлын үеэр иргэдэд анхааруулжээ.
Бас шөнийн цагаар гудамж талбайд гарахгүй байхыг зөвлөсөн байна.
Халлоуины шөнө мексикчүүд ихэнхдээ картелын дээрэмчдийн дүрээр хувцасладаг. Дээрэмчидтэй андуурагдахаас гадна нөгөө талаар ингэх нь дээрэмчдийг алдаршуулсан хэрэг тул хориг тавьж байгаагаа Мерида тайлбарласан байна.
Тэр “бүх муур шөнө саарал харагддаг” гэх Мексикийн алдартай хэлц үгийг энэ үеэр ашиглажээ.
Зөвхөн Синалоа биш Баха Калифорниа, Сонора зэрэг мужууд өмнөх Халлоуины баярын үеэр ижил төстэй арга хэмжээ авсан нь бас л гэмт хэргийн хор хохирлыг бууруулах зорилготой байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!