Уншиж байна ...

Египет гаралтай тэрбумтан агсны бэлгийн хүчирхийллийн хохирогчдын тоо 400 давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Тэрбумтан Мохаммед Аль Файед

Лондон хотын алдарт Harrods их дэлгүүрийн эзэн, тэрбумтан Мохамед Аль Файед өнгөрсөн онд 94 насандаа таалал төгссөн юм.

Египетэд төрсөн тэрбээр 1960-аад оноос эхлэн Британид амьдрахдаа бизнесийн вант улсаа босгож байжээ.

Энэ оны есдүгээр сард цацагдсан BBC сувгийн баримтат кино түүнийг эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг, гомдол гаргавал шийтгэхээр сүрдүүлдэг байсныг илчилсэн юм.

Үүний дараа тэрбумтны бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд ил гарч эхэлжээ.

Тэгвэл уг хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Дин Армстронг гомдол гаргагчдын тоо 400 давсныг өчигдөр мэдээлсэн байна.

зураг
 

“Аль Файедын үйлдсэн, түүний эргэн тойрны хүмүүсийн үйлдсэн хүчирхийллийн тоо хэмжээ харамсалтай нь өссөөр байна” гэж Лондонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэр хэлжээ.

Аль Файед амьд ахуйдаа өөрийнх нь тухай ийм мэдээлэл хэвлэлд нийтлэгдэх бүрд эрс няцаадаг байсан юм.

Тэрбумтны эзэмшдэг байсан Harrods дэлгүүрийн захиргаа BBC-ийн баримтат кино цацагдсаны дараа олон нийтээс уучлал гуйж, тус дэлгүүрт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүсийн гомдлыг хүлээн авч, хохирлыг нь барагдуулахаа мэдэгдэж байв.

Харин өчигдрийн мэдээллээс үзвэл Аль Файедын эсрэг гомдол гаргагчдын ихэнх нь Британиас, бас АНУ, Австрали, Малайз, Испани, Өмнөд Африк зэрэг дэлхийн олон орноос хандсан ажээ.

“Бид үүнийг салбарын хэмжээний хүчирхийлэл гэж үзэж байна” гэж хэвлэлийн хуралд оролцсон өөр нэг өмгөөлөгч Брюс Драммонд хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл уг хэрэг “Харродсын дөрвөн хананы дундаас хальж” тэрбумтан агсны бизнесийн вант улсын бусад салбарууд болох Fullham хөлбөмбөгийн клуб, Ritz Paris зочид буудал, Английн Суррей дэхь эзэмшлийг хамраад байгаа гэнэ.

Хохирогчдын дунд Их Британид сууж байсан АНУ-ын элчин сайд асны охин, нэгэн нэрт хөл бөмбөгчний охин хүртэл байгааг Драммонд мэдээлжээ.

Аль Файедын үед ажиллаж байсан захирлууд одоо хүртэл Harrods их дэлгүүрт ажиллаж буй тул ил гарсан хохирогчдын хохирлыг барагдуулах ажил шударга бус, хаалттай явагдаж байж болзошгүй гэж өмгөөлөгчид үзэж байна.

Тухайлбал дөрвөн хохирогч ямар нэг асуудлаас шалтгаалан хохирол барагдуулах хэлцлээс гарсан талаар Financial Times сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Тэднийг ямар нэг сүрдүүлэгт автсан байж болзошгүй гэж өмгөөлөгчид сэжиглэж байна.

Аль Файедын бэлгийн хүчирхийллийн талаар 1995 онд Vanity Fair сэтгүүл, 1997 онд ITV суваг, 2017 онд Channel суваг тус тус илчилж байсан ч хохирогчид нь ил гаралгүй өнгөрсөн юм.

Тэрбумтныг нас барсны дараа л ингэх боломж гарсан гэж өмгөөлөгчид үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters