Оросын шүүх өчигдөр дэлхийн технологийн аварга компани Google-ийг хоёрын ард 36 тэг бүхий тооны рублиэр торгох шийдвэр гаргажээ.
YouTube платформд Оросын төрийн өмчийн мэдээллийн сувгуудыг хаасных нь төлөө ийм ховор шийтгэл оноосон юм байна.
Оросын шүүхийн оноосон торгуулийн хэмжээг ам.долларт шилжүүлбэл $20,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 болох юм.
Хэдийгээр Google нь дэлхийн хамгийн баян компаниудын нэг боловч зах зээлийн үнэлгээ нь $2 их наяд л ($2,000,000,000,000) хүрдэг.
Дэлхий дээр ч ийм их хэмжээний мөнгө байхгүй. Дэлхийн бүх улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний (GDP) нийлбэр хэмжээг Олон Улсын Валютын Сан $110 их наяд гэж тооцоолсон байдаг.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх шийтгэлийн талаар байр суурь илэрхийлэхдээ энэ тоог “хэлж чадахгүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэр энэ асуудалд анхаарлаа хандуулахыг Google-ийн удирдлагад уриалжээ.
Оросын төрийн өмчит хэвлэл мэдээллийн 17 хэрэгслийн сувгийг Google компани өөрийн YouTube платформд хориглосон юм байна.
Тус компани бүр 2020 оноос зарим сувгуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн бол Украинд дайн эхэлсний дараа улам эрчимжүүлжээ.
Google компанийн ОХУ дахь салбар компани 2022 онд дампуурлаа зарлаж, зар сурталчилгааны үйл ажиллагаагаа зогсоож байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!