Уншиж байна ...
Зураг
Зураг

Технологийн салбарын тэрбумтнууд Nvidia компанийн хэчнээн чипийг эзэмшдэгээрээ өрсөлдөж байна

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн салбарын хөгжилд Nvidia компанийн үйлдвэрлэсэн хагас дамжуулагч график процессор асар чухал үүрэгтэй болоод байгаа.

Технологийн том компаниуд тус тусын төсөлд Nvidia-гийн чипүүдийг ашиглахын тулд уралдан авцгаадаг болсон бол одоо эзэд нь хэдэн чиптэйгээрээ гайхуулан өрсөлддөг болжээ.

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Мета компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулахдаа Марк Закербэрг “Бид Llama 4 хэлний загвараа сургахад 100,000-аас дээш тооны H100 график процессороос бүрдсэн буюу өмнө нь хэний ч хэлж байгаагүй олон тооны процессороос бүрдсэн кластер ашиглаж байгаа” гэж мэдэгджээ.

Энэ нь үнэндээ өөр нэг тэрбумтан Илон Маскийг дайруулан хэлсэн үг байв.

Тухайлбал Маск үүнээс өмнө түүний үүсгэн байгуулсан хиймэл оюуны стартап xAI нь Grok чатботыг сургахад Nvidia компанийн 100,000 ширхэг H100 чипээс бүрдсэн систем ашиглаж байгаа талаар бахархан ярьж байжээ.

Тэрбээр энэ системээ “дэлхий дээр байгаа хамгийн хүчирхэг хиймэл оюуны сургалтын систем” гэж магтсан юм.

Тэгвэл Закербэрг үүнээс илүү том систем бүтээснээ зарлан тунхагласан нь энэ байлаа.

Nvidia компанийн H100 загварын GPU (graphic processing unit) процессорын нэг бүр нь $30,000-$40,000 орчим үнэтэй бөгөөд зах зээлд эрэлт нь маш өндөр байгаа.

Компаниудын H100 чипийн тоо хиймэл оюуны сайн мэргэжилтнийг татах нэг шалгуур болоод буй гэсэн мэдээлэл бий.

Тухайлбал Perplexity компанийн гүйцэтгэх захирал Аравинд Сринивас гуравдугаар сард хэвлэлд ярихдаа “Би Мета компаниас маш сайн мэргэжилтнийг нь урвуулах гэж үзсэн. Гэтэл тэр надад юу гэж хэлсэн гээч? 10,000 ширхэг H100 чиптэй болохоороо яриарай гэсэн” гэж байжээ.

Мета компани Llama 3 загварын хувилбаруудаа энэ оны дөрөв, долдугаар саруудад зах зээлд танилцуулсан юм.

Тэгвэл улам хүчирхэг болсон Llama 4 загварын хамгийн энгийн хувилбар нь 2025 оны эхээр гарах тухай Закербэрг мэдээлжээ.

Ингэхдээ тэр яг хэдэн H100 чиптэйгээ хэлээгүй бол ямар ч байсан Маскийнхаас илүү гарах хэмжээтэйг баталсан юм.

 

Эх сурвалж: Business Insider