Уншиж байна ...

Ерөнхийлөгч Байдены хэлсэн үг Дональд Трампыг хог ачигч болгов

С.Мөнхцэцэг, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил сүүлчийн шатандаа орж, нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө алдаан дээр маш хурдтай ажиллаж байна.

Пүрэв гарагт Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп өөрийн нэрийг бичсэн цагаан өнгийн хог ачдаг автомашинаар зорчиж үзүүлжээ.

Тэр энэ үйлдлээрээ өмнөх өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены ярьсан зүйлд хариу өгсөн байна.

“Миний хог ачдаг машин ямар санагдаж байна? Энэ бол Камала, Жо Байден нарт үзүүлж буй миний хүндэтгэл юм” гэж улаан зангиатай цагаан цамцан дээрээ хамгаалалтын ажлын хантааз өмссөн Трамп сэтгүүлчдэд ярьжээ.

зураг
 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Нью-Йорк хотод болсон Трампын сонгуулийн арга хэмжээнд оролцогчдын нэг комедиан Пуэрто Рико арлыг “хөвдөг хогийн арал” гэж хошигноод Ардчилсан Намынханд нэлээд шүүмжлүүлсэн юм.

Энэ нь АНУ-ын испани хэлтэй хүн амыг ялгаварлан гадуурхсан утгатай зүйрлэл болсон байна.

Лхагва гарагт Ардчилсан Намын ерөнхийлөгч Жо Байден үүнийг шүүмжлэхдээ “Тэнд хөвж байсан ганц хог нь түүний дэмжигчид л байсан” гэж хэлжээ.

Өчигдөр хог ачдаг автомашинтай үзүүлбэрийнхээ үеэр Трамп өөрийнх нь арга хэмжээнд оролцсон комедиан Тони Хинчклифтэй нэр холбогдохоос зайлсхийж байв.

“Би тэр комедианы талаар юу ч мэдэхгүй. Би хэзээ ч түүнтэй уулзаж байгаагүй. Тэр өөрөө үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан гэж би сонссон. Би Пуэрто Рикод хайртай, Пуэрто Рико ч надад хайртай” гэж автомашины цонхоор сэтгүүлчидтэй ярилцахдаа Трамп хэлжээ.

Карибын тэнгист оршдог, ихэнх нь испани хэлтэй 3.2 сая оршин суугч бүхий  Пуэрто Рико арал АНУ-ын нутаг дэвсгэрт харьяалагддаг юм.

 

Эх сурвалж: Associated Press