Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн тархалт ямар түвшинд хүрснийг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган "Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 130,000 гаруй үзлэг хийгдсэнээс 4.7% нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүмүүс байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3%, өнгөрсөн жилийнхээс 0.4%-аар буурсан.
Томуугийн дэгдэлт одоохондоо эхлээгүй байна. ХӨСҮТ-өөс мэдээлснээр орчилд томуугийн А болон В хүрээний вирус тодорхойлогдоогүй. Харин томуу төст буюу аденовирус, томуугийн зэрэг вирусүүд тодорхойлогдсон байна.
Улсын хэмжээнд ихэнх аймаг болон Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин идэвхжлийн шатанд байгаа. Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах зохицуулалт эхлээгүй байгаа ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгджээ.
Зуны улиралд эмнэлгүүд 750 хүүхдийн ортой байдаг. Эдгээрийг 1,300 болгож, нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл өвчлөл нэмэгдвэл нийслэлийн есөн дүүрэг болон "Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв II"- т нийт 1,200 хүүхэд эмчлүүлэх боломжийг бүрдүүллээ.
Өвөрмөц урьдчилан сэргийлэлт нь томуугийн дархлаажуулалт байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн эсрэг 188,000 тун вакцин хуваарилагдаж, 75,000 тунг тав хүртэлх насны хүүхдүүдэд тарьсан. Өнөөдрийн байдлаар томуугийн дархлаажуулалтад хамрагдалт 80 гаруй хувьтай байна. Ингэснээр өвчлөл, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлттэй.
Ахуйн нөхцөлд томуугаас урьдчилсан сэргийлэх сургалтуудыг цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!