Уншиж байна ...
Зураг
Зураг

“Оюу толгой” компани 40 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа

ikon.mn
2024 оны 11 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх алсын хараатайгаар хүүхэд залуусыг дэмжих боловсролын олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Энэ хүрээндээ 2024 оны 10 дугаар сарын 31 болон 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Боловсролын өдөрлөгөө зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүргийн 2,000 гаруй сурагч болон их дээд сургуулийн 1,000 гаруй оюутан оролцлоо.

Энэхүү өдөрлөгийн үеэр “Оюу толгой” компанийн "Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр" болон "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т шалгарсан сурагч, оюутнууд батламжаа гардан авлаа. Түүнчлэн, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой "Мэргэжлээ крашлая" өдөрлөгийг зохион байгуулж, “Оюу толгой” компаниас шинээр санаачилсан инновац, хамтын ажиллагааг дэмжих "Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр"-ийг дахин эхлүүлж байгаагаа зарласан юм.

зураг
 

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Боловсролын өдөрлөгийн үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын ирээдүй хойч болсон залууст зориулсан ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдээ эхлүүлснээс хойш 15 жилийн хугацаанд нийт 3,000 орчим авьяаслаг залуус манай хөтөлбөрүүдэд хамрагдаж, үр өгөөжийг нь хүртсэнд баяртай байна. Тэд өнөөдөр уул уурхай, инженерчлэл болон бусад салбарын эрэлттэй мэргэжилтнүүд болж, Оюу толгой, Рио Тинто төдийгүй дэлхий даяар тархан ажиллаж байна.

Бид Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад хамтрагч байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхээр үргэлжлүүлэн тууштай ажиллах болно. Мөн их, дээд сургуулиудын судалгаа хийх чадамжийг дээшлүүлэх, идэвхжүүлэх зорилготой "Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр"-ийг дахин эхлүүлж байгаадаа маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.

зураг
 

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Монгол Улсад, тэр дундаа орон нутаг болон уул уурхайн салбарт эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 40 оюутан батламжаа гардан авлаа. “Оюу толгой” компани уг тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сар бүрийн стипенд зэрэг дэмжлэг үзүүлдэг бөгөөд Монгол орны ирээдүй хойч болсон залуусын боловсролд үлэмж ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.

Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр

“Оюу толгой” компани "Аж үйлдвэр - Академи"-ийн түншлэлийг дэмжих зорилгоор "Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр"-ийг дахин хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Оюу толгой” компанид хэрэгцээтэй судалгааг их дээд сургуулийн багш нар, хүрээлэнгийн судлаачид болон бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутнууд хийх, компанид тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд оролцох боломж нээгдэж байгаа юм. Мөн судлаачдад уул уурхайн салбарыг илүү ойлгох, хамтран ажиллах боломжийг бий болгож, мэдлэг хуваалцах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх платформыг бүрдүүлж байгаа нь онцлууштай.

зураг
 

Залуусын хөгжлийн хөтөлбөр

2024-2025 хичээлийн жилийн Залуусын хөгжлийн хөтөлбөрт Улаанбаатар хотод 46 сурагч, Өмнөговь аймагт 25 сурагч сонгогдон, өнөөдөр батламжаа гардан авлаа. Бид удахгүй тус хөтөлбөрийг Дорноговь аймагт эхлүүлэхээр ажиллаж байна. “Оюу толгой” компани 2013 оноос хойш Залуусын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 1,600 гаруй оюутан, сурагчдыг хамруулан хувь хүний хөгжил, манлайлал, зөөлөн ур чадварыг хөгжүүлж, “залуус залуустаа” заах арга барилд сургаж байна.

зураг
 

“Мэргэжлээ крашлая” өдөрлөг

“Оюу толгой” компани 2017 оноос хойш Рио Тинто, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Скаутын холбоотой хамтран "Мэргэжлээ крашлая" өдөрлөгийг зохион байгуулж, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Булган, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын 14,000 гаруй сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгсөөр байна. Энэ удаагийн өдөрлөгт 2,000 гаруй сурагч оролцож, Монгол болон олон улсад эрэлттэй мэргэжлийн талаар мэдээлэл аван, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авлаа.

Мөн “Оюу толгой” компаниас Оюутны дадлагын хөтөлбөр, Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр болоод Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг залуучуудыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой олон төрлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.ot.mn цахим хуудсаар зочлон авна уу.


“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.

Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ. Эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсооно.

"Оюу толгой" компанийн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.