Франц улсын нийслэл Парис хотын дундуур урсдаг Сена мөрний усанд оршин суугчид болон жуулчид 2025 оноос эхлэн сэлэх боломжтой болсныг Ням гарагт тус хотын захирагч Анн Идальго зарлажээ.
Тэрбээр олон нийтэд зориулсан эргийн гурван хэсгийг нээхээр төлөвлөснөө танилцуулсны хоёр нь Эйфелийн цамхгийн ойролцоо байх юм байна.
Усанд сэлэх газруудыг хөвөгчөөр тусгаарлаж, эрэгт нь тавцан байгуулахаар болжээ.
Мөн хувцас солих өрөө, шүршүүр зэргийг байгуулахаар болсон байна.
Сена мөрөнд сэлэх нь Парисчуудын 100 орчим жилийн мөрөөдөл юм. Бохирдолтой холбоотойгоор тус мөрний усанд сэлэхийг 1923 онд хориглож байжээ. Гэхдээ 1960-аад оны эхэн үе хүртэл иргэд сэлсээр байсан гэдэг.
2024 онд Парис хотод зохион байгуулагдах зуны олимпын наадмын зарим уралдаан тэмцээнүүд Сена мөрөнд болох юм.
Үүнтэй холбоотойгоор мөрний усны чанарыг сайжруулахад Парис хотын захиргаа 1.4 тэрбум евро зарцуулжээ.
“Олон жилийн мөрөөдөл эцэстээ биелэх боломжтой боллоо. Сена мөрөнд аюулгүй сэлэх цаг ирж байна” гэж Парис хотын захиргаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!