Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Starlink Service Mongolia” компанид Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгож, өнөөдөр /2023.07.06/ гэрчилгээг гардуулж өглөө.
ЦХХХ-ны сайд Н.Учрал "Starlink Service Mongolia ХХК нь 2023 оны зургаадугаар сард Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ХХЗХ-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон сансрын үйлчилгээнд KU зурвасын радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг гаргасан. ХХЗХ хуулийн хугацаанд үнэлгээг хийж 2023 оны долдугаар сарын 4-ний хорооны хуралдаанаар хоёр тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргалаа. Ийнхүү Старлинк нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг эрхлэгчдээс хамгийн түрүүнд Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо.
Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бий болж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс маш их баяртай байна" гэв.
"Starlink" компанийн Ази номхон далайн бүсийн тусгай зөвшөөрөл болон зах зээл хариуцсан менежер Шарон Занг "Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ гардан авлаа.
Монгол Улсын Засгийн газар, ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс манайх шиг ийм компаниудад нээлттэй бизнес эрхлэх, зохистой орчныг бүрдүүлэхэд хурдтай, шуурхай ажилласанд талархалтай байна.
ХХЗХ-ны хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Бид Монгол Улсын иргэдэд өндөр хурдны интернэтийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлаж байна" хэмээн хэллээ.
Тус компани нь USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4,000 гаруй хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгожээ.
Эх сурвалж: ЦХХХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!