Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барилга, байгууламж барьсан асуудлыг шалгах үүргийг УОК өгсөн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа/баруун талаас/ өнөөдөр дахин сэтэрчээ. Харин Алтай хотхон, Дунд голын гүүрийг нурааж эхэлсэн байна.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунболд "Сэлбэ голын Сүхбаатар болон Баянзүрх дүүрэг талын 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр 1.2-1.5 метрийн шороон даланг босгосон. Өнөөдөр өглөөний 07:00 цаг хүртэл үерийн нөхцөл байдал харьцангуй гайгүй, усны түвшин 20 см хүртэл нэмэгдсэн байсан.

10:00 цагийн орчимд S'Outlet худалдааны төвийн хойд талын хэсгээр хоёр метр газар үерийн далан сэтрэх үед даланг хүчитгэх нөөц шороогоор усыг боосон юм. Гэтэл 10:30 цагийн үед 10 метр зурвас буюу бидний босгосон далан сэтэрч, Сэлбийн голын ус орж ирснээр нөхцөл байдал хүндэрлээ.

Усны урсгалд саад болж буй хоёр гүүрийг нурааж, сэтэлж байна. Тодруулбал Нарны замын хөдөлгөөнийг хааж, усыг урсгах, Цагаан давааны орчмоос хайрга, дайрга, барилгын хог хаягдал тээвэрлэх арга хэмжээг авч байна.

Одоогийн байдлаар хүнд даацын 15 машин шороо, хайрга тээвэрлэж байна. Нэмэлтээр ЗХЖШ-аас 5, уул, уурхайн компаниудаас хүнд даацын машинуудыг ажиллуулахаар зохион байгууллаа.

Үерт өртсөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 15,000 орчим иргэн байна. Тэд амьдарч буй орон сууцнаасаа гарч, аюулгүй газарт очсон. Зоорийн давхарт байсан автомашинуудыг гаргасан, одоо нэг машин байгаа. ААН, байгууллагууд эд хогшил, бараа материалаа үерийн бүсээс нүүлгэх ажлыг хамтран зохион байгуулж байна.

Үерийн улмаас иргэд болон ААН-үүдэд учирсан хохирлын үнэлгээг тогтоохоор дүүргийн онцгой комиссууд ажиллаж байгаа.

Сэлбэ голын далан хуучирсан, өргөтгөж, шинэчлэх шаардлагатай. Сэлбэ голын далангийн голдирлыг өөрчлөөд барилга, байгууламж барьсан байна. Үүнийг шалгаж, тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад УОК-оос үүрэг өгсөн.

Өчигдрийн байдлаар үерийн эрсдэлтэй 18 байршилд далан хүчитгэж, шинээр босгосон. Хамгийн аюултай нь Сэлбийн гол дагуу, Алтай хотхоны гүүрэн байгууламж үерийн нэн эрсдэлтэй байна. Иймд Дунд голын гүүрийг нурааж, усыг урсгаж эхэлсэн" хэмээн ярилаа.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 30 айлын орчимд ус соруулах 10 помп 24 цагаар ажиллуулж байгаа ч нэмэх шаардлагатай байгааг хэллээ. 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/1469932003820312/