Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Зарим хүн хөдөө явахдаа өөрсдийнхөө гар хөлийг битгий хэл үр хүүхдүүдийнхээ гар хөлийг ч угаахгүй байна"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг өгсөн юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч н.Амгалан хэлэхдээ "Энэ оны зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3,800 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин. 

  • Гар, хөл, амны өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг. Энэ өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Цаашилбал хүндрэл үүсэх магадлалтай.
  • Цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ.

Цусан суулгын халдвар болон гар, хөл, амны өвчлөлийн нөхцөл байдлыг өмнөх онтой харьцуулбал хоёр дахин өссөн байна. Иймд эцэг эхчүүдэд түлхүү зөвлөмж өгөх нь чухал. 

Мөн бороо их орж, үер буух магадлал өндөр байгаа нь гэдэсний халдварт өвчнийг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байна. Тиймээс ард иргэд хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний сонголтыг буруу хийснээс болж хадгалалтын горим алдагддаг.

Хөдөө амрахдаа, зун олон хоног зусланд гарахдаа хүнсээ зөв сонгох нь хамгийн чухал алхам" гэлээ. 

"Хүүхэд гэдэсний халдвараар өвдөх нь тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай холбоотой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр "Ундны усны чанар аюулгүй байдал алдагдсанаас гэдэсний халдвар их бүртгэгддэг. Ялангуяа бохирлогдсон ундны ус хэрэглэсэнтэй холбоотой өвчлөл үүсдэг. 

Иргэд амралт, зугаалгаар явахдаа гол мөрний усыг түүхийгээр нь шууд хэрэглэж болохгүй. Усыг зайлшгүй буцалгаж хэрэглэхийг зөвлөе. Цэвэр, аюулгүй усыг хүнсэндээ хэрэглээрэй.

Зарим хүн хөдөө явахдаа өөрсдийнхөө гар хөлийг битгий хэл үр хүүхдүүдийнхээ гар хөлийг ч угаахгүй байна. Улмаар ариун цэврийн дэглэм алдагддаг. 

Түүнчлэн түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, нэг хутгаар хэрчээд хэрэглэдэг. Магадгүй түүхий бүтээгдэхүүнээ эхлээд хэрчсэн бол дараа нь тухайн хутга, махны модыг зайлшгүй угаахыг зөвлөе.

Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол асар өндөр байдаг. Хэрэв түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, хэрчиж хэрэглэвэл түүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах магадлалтай. Энэ хоёр бүтээгдэхүүнийг салгаж хадгалах дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирдсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Эцэг эхчүүд нь өөрсдөө гараа угааж, цэвэрлэхгүй байна гэсэн үг. 

Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой" хэмээв. 

Хоногт 10-аас дээш удаа шингэнээр гүйлгэвэл гэдэсний халдвар байх магадлалтай учраас эмнэлэгт хандах хэрэгтэй. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гарын ариун цэврийг сайтар сахих нь чухал алхам гэдгийг Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч н.Амгалан нэмж хэллээ.