Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн: Арга ядаад ажлаасаа гаръя гэхэд "гаргахгүй, эмчлэх эрхийг чинь цуцлуулна" гэсэн. Эмч мэргэжлээ хаяна гэхээр цаг хугацаа хайран байна

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 23
iKon.MN
зураг
 
Зургийг Вандка Есүй хуудсаас ашиглав

Ажлаасаа гарах гэтэл удирдлагууд нь тушаалыг нь гаргахгүй, эмчлэх эрхийг нь цуцална гэсэн. Би ямар ялтан юм уу хэмээн Булган аймагт хүний их эмчээр ажиллаж буй залуу ЭМЯ болон Булган аймгийн Эрүүл мэндийн газарт хандан фэйсбүүк хуудсаараа лайв хийжээ.

Тэрбээр “Би 2015 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр сурч төгсөөд, өөрийн хүслээр хөдөө орон нутагт ажиллах хүсэлт өгч 2015 оноос сумын эмчээс авхуулаад Булган аймгийн бүхий л эрүүл мэндийн салбарт шат дараатай ажиллаж өнөөдрийг хүртэл явсан. Тэгээд амьдрах орчин нөхцөлгүй, таних хамаатан садангүй болохоор арга ядаад ажлаасаа гарах өргөдлөө өгсөн чинь гарч чадахгүй сууж байна. Хэдэн дарга нэртэй хүмүүс нь бидний дипломыг аваад, цефэнд хийгээд цоожилчихсон. Ажлаасаа гаръя гэхээр гаргахгүй. Резидентээр сурахдаа та нар гэрээ байгуулаад сурсан учраас хугацаагаа дуустал ажиллах ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэрээнд тийм зүйл байгаагүй.

Хүний ёсоор бодвол төдийгөөс өдий хүртэл эрүүл мэндийн салбарт нь ажиллаж байхад залуу боловсон хүчнээ жоохон дэмжиж туслаад явбал жил хүрэхгүй хугацаанд гэрээ нь дуусна. Одоо амьдрах орон гэр ч үгүй, гэрээ портерт аччихаад, хүүхдээ тэврээд машин дотор хаачихаа мэдэхгүй сууж байна.

"Та нарын тушаалыг чинь гаргахгүй. Та нарын хаана очоод юу хийхийг чинь харъя, эмчлэх эрхийг чинь цуцлуулна" гэж байна. Амьдралынхаа тэн хагасыг сурахын төлөө зориулаад, өөр газар ажилд орохын төлөө эмчлэх эрхээ цуцлуулах дээрээ тулчихлаа. Үнэхээр цуцлаад ажлаас гаргана гэвэл цуцал гэсэн.

Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ хэлэх гээд зөндөө оролдоход биднийг тоож хүлээж аваагүй. Ажиллах хүнгүй л гэдэг. Тэгээд ажиллая гэхээр ийм байдалд байвал бид яаж ажиллах вэ. Залуу хүн байна солонгос явж ажиллах уу, яах ёстой юм. Аргагүйн эрхэнд лайв хийж байна.

Булганых биш гаднаас ирсэн хүн болохоор дээрэлхээд байдаг хачин асуудал байна. Гудамд гарчхаад байна гээд асуудлаа хэлээд байхад гудамжнаасаа ч хамаагүй ажлаа хий гэж байна. Хүний төлөө ажиллаад бидний ахуй амьдрал өнөөдөр ийм байна. Хүүхдээ тэврээд хар халуунд машин дотор аргаа ядаад сууж байна. Бор зүрхээрээ явж байгаа бидэн шиг хүмүүс хэн ч биш болоод ялтнаас дор үзэгдээд амьдрах орчин нөхцөл, газраа хүртэл сонгож чадахгүй явж байна. Дуугарахаар “гаднаас ирсэн цагаач” гэж үг хэлээр доромжилдог. Булгантай ямар ч холбоо хамааралгүй мөртлөө Булганы хүн болтлоо л явлаа. Эсвэл эмч гэдэг мэргэжлээ хаяад явах гэхээр энэ олон жилийн цаг хугацаа хайран байна.

Гэр бүлийн хүн маань ч бас эмч. Хүүхдээ тэврээд гудамжинд гарчихсан Булган аймгийн Булган суманд байна. Танилгүй, үнэнээрээ явж байгаа залуус Монгол Улсад амьдарна гэдэг хэцүү болжээ" хэмээн ярилаа.

ВИДЕО: