Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн дэлхийн олон оронд хэд хэдэн хачирхалтай, ер бусын хуулиуд үйлчилж эхлэжээ.
Канадын засгийн газар гэхэд л гадаадаас ажиллах хүч оруулж ирэх хуулиндаа өөрчлөлт оруулж, тэр дундаа секс үйлдвэрлэлийн чиглэлд ихээхэн чанга гараар барих болсон гэнэ. Тиймдээ ч ажил олгогч гадаадаас эротик бүжигчин авах эрхгүй болсон бөгөөд нэн тэргүүнд Канадын харьяат иргэдийг ажилд авах ёстой болжээ.
Харин Эстон улс архи согтууруулах ундаатай эрс тэмцэн, тиймдээ ч архи худалдаалахад ноогдуулах татварыг таван хувиар нэмжээ. Ингээд ч зогсохгүй, 2016 он хүртэл татварыг жил бүр таван хувиар нэмэгдүүлэх юм байна.
Эхийн сүүг юугаар ч орлуулашгүй гэдэг ч “Эхийн сүүнээс дутахааргүй тэжээлтэй” гэж сурталчилах сүүн тэжээлийг угжиж өсч байгаа хүүхдүүд дэлхийд хэдэн саяараа бий. Хүмүүс ч реклам сурталчилгаанд автахдаа амархан шүү. Шведэд энэ байдлыг таслан зогсоохын тулд эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг сурталчилахыг хоригложээ. Ингэснээр Шведийн эмэгтэйчүүд гоё чамин сурталчилгаатай тэжээлээр биш харин хөхнийхөө сүүгээр хүүхдээ тэжээх хэрэгтэй болж байгаа юм.
Америкийн Колорадо мужид 21 –ээс дээш насныханд зориулан тусгай дэлгүүрээр марихуан худалдаалахыг хуулиараа зөвшөөрчээ. Ингээд хар тамхийг хувийн зорилгоор эсвэл зугаацаж цэнгэх гэж ч худалдан авах боломжтой болох нь тэр.
Харин Калифорнид алдартай хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдийн зургийг авахын тулд холын зайнаас татах дуран ашиглахыг хориглосон байна.
Болгар, Румыны иргэдийн хувьд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Европын холбооны аль ч оронд очин ажилд орох боломжтой болсон гэнэ.
Швейцарийн жолооч нар өдрийн цагаар ч гэсэн замын хөдөлгөөнд оролцохдоо ойрын зайн гэрлээ асааж явах үүрэгтэй болсон бол Францад шинэ хууль гарснаар цагдаагийнхан саатуулагдсан болон баривчлагдсан хүмүүстэй заавал “Та” гэж хүндэтгэн харьцах үүрэгтэй болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|