Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтвортой Ноос Ноолуурын Эвслээс нийтлэлтэй холбогдуулан тодруулга өглөө

ikon.mn
2023 оны 6 сарын 16
iKon.MN

“Өдрийн сонин”-ы 2023 оны 5 сарын 19, Баасан гарагийн №094(7214) дугаарт Э.Заяа гэх зохиогчтой “Хуудуутай баталгаажуулалтын уршгаар Монгол ноолуурын үнэ цэн шалдаа буух нь” гарчиг бүхий, талуудын байр суурийг тэнцвэртэй тусгаагүй, мэдээллийн бодит байдлыг нягтлаагүй бичигдсэн нийтлэлийг www.ikon.mn цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн. Тус нийтлэлд дурдагдсан Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-с тус нийтлэлтэй холбогдуулан дараах тодруулга мэдээллийг бидэнд ирүүлснийг та бүхэнд хүргэж байна.

зураг
 

Тогтвортой ноос ноолуурын эвсэл буюу ТННЭ (Sustainable Fibre Alliance - SFA) нь байгальд ээлтэй, малчдын амьжиргаа, малын зохистой арчилгаа, маллагааг дэмжсэн ноолуурын үйлдвэрлэлийн тогтвортой менежментийг хөгжүүлэх зорилготойгоор Монголын иргэн, судлаачийн хамтын санаачилгаар Их Британид 2015 онд байгуулагдсан олон улсын гишүүнчлэлтэй, ашгийн бус байгууллага.

Тус эвсэл нь 2018 оноос хойш Монгол дахь салбараараа дамжуулан “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал”, “Бэлчээр ашиглах зохистой дадал”-ыг малчдын хоршоодын түвшинд, “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ыг боловсруулах үйлдвэрийн түвшинд мөрдүүлэн ажиллаж байна. “МАА эрхлэх, ноолуур бэлтгэх” зохистой дадлын хүрээнд хоршооны малчдаас түүвэрлэн, сонгогдсон өрхийн мал аж ахуйгаа эрхэлж буй өдөр тутмын арга ажиллагаанд хөндлөнгийн тохирлын үнэлгээний байгууллага баталгаажуулалтын үнэлгээг хийдэг бөгөөд нийцлийн гэрчилгээг хоршоонд нь олгодог. Тиймээс уламжлалт мал маллагааг чандлан сахидаг олон малчин өрхтэй хоршоо нь Алтан тохирлын гэрчилгээ авах нь бий.

Харин “Бэлчээр ашиглах зохистой дадал” нь бэлчээрийг зөв зохистой ашиглах менежментийн зөв дадлыг хэвшүүлэх чиглэлд гаргаж буй хоршооны хүчин чармайлт, удаан хугацаандаа эерэг өөрчлөлт авч ирэхүйц менежментийн арга хэмжээг дадал болгож буй байдалд үнэлгээ хийдэг бөгөөд бэлчээрийн чанар, төлөв байдлын үнэлгээ биш юм. Тус зохистой дадлаар Алтан тохирлын гэрчилгээ авсан хоршоо байхгүй байгаа нь цаашид ч ихээхэн хийх ажлууд байгааг илтгэнэ. Тус эвсэл нь дээрх зохистой дадлыг нэгтгэсэн SFA Cashmere standard -г хөгжүүлэн, хэд хэдэн түвшинд хэлэлцүүлгүүд өрнүүлэн, санал авч 2024 оноос бүрэн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.  

зураг
 

ТННЭ-ийн “Цэвэр ноолуур боловсруулах стандарт”-д боловсруулах үйлдвэрт мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тусгагдсан байдаг бөгөөд хялгас ялгах дамжлагын үед орчны чийгшил 85-90% байх технологийн шаардлагыг дагаснаар ноолуураас хялгас нь ялгагдах нөхцөл бүрддэг нь нийтлэлд дурдсан утаа, манан гэж харагдаж болох юм. Мөн ТННЭ-н стандартын үл тохиролтой холбоотой аливаа мэдээллийг гомдол хүлээн авах журмын дагуу авч хэлэлцэн, шийдвэрлэх бүрэн боломжтой.

зураг
 

ТННЭ нь ноолуурын салбарт сайн дурын стандарт эзэмшигч, хөгжүүлэгч учир ноолуур худалдан авдаггүй, үнэ ханшид нөлөөлдөггүй, харин хоршоод, үйлдвэрлэл эрхлэгчдэд хоорондоо бизнесийн түншлэл үүсгэх, итгэлцэл, худалдааны урьдчилсан нөхцөлийг нь бий болгохыг зорьдог. Мөн дотоодын үйлдвэрүүдэд стандартын баталгаажуулалтаар дамжуулан гадаад зах зээлд өрсөлдөх давуу байдлыг үүсгэх, экспортын гарцыг тэлэх, худалдааг хөнгөвчлөхөд чухал үүрэгтэй ажилладаг.

Тухайлбал 2022 онд ТННЭ-ийн баталгаажилт бүхий 750 тонн түүхий ноолуурыг гишүүн үндэсний үйлдвэрлэгчид хоршоодоос худалдан авч, угаах, самнах дамжлагыг гүйцэтгэж, нэмүү өртөг шингээн 126 тонн “угаасан” БНХАУ-д, 182 тонн “самнасан” (түүхий ноолуураар бол ~400 тонн) ноолуурыг, мөн тодорхой хувь эцсийн бэлэн бүтээгдэхүүн байдлаар тус эвслийн гишүүн Европын хэд хэдэн улсын 20 гаруй брэнд, үйлдвэрт шууд худалдааны гэрээгээр борлуулан Ноолуурын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д заасан зорилтын хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулаад байна.

зураг
 

ТННЭ нь гишүүнчлэлд түшиглэсэн байгууллага тул гишүүнчлэлийн хураамж, хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг дүрэмтэй. Тус эвсэлд өөрсдийн сонголтоор элсэх хүсэлт гаргасан үйлдвэрүүд өөрийн компанийн жилийн санхүүгийн эргэлтээс хамаарч шатлалтайгаар гишүүнчлэлийн хураамж төлдөг. Монголд үйл ажиллагаа явуулж буй гишүүн үйлдвэрүүдийн ихэнх нь нэг жилд 500-2000 паундын гишүүнчлэлийн хураамж төлдөг бөгөөд 15000 еврогийн хураамж төлдөг үйлдвэр Монголд байдаггүй. Гишүүнчлэлийн хураамжийг малчдын байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх олон төрлийн сургалт, хөтөлбөрүүд, баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээний бүхий л оролцогч талуудад мэдээлэл хүргэх, хамтын ойлголцол, түншлэлд чиглэсэн олон төрлийн арга хэмжээнд зарцуулсаар ирсэн билээ.

зураг
 

Нийтлэлд тодорхой хуулийн нэр, зүйл заалтыг дурдаагүй хэдий ч ТННЭ-г хууль бус үйл ажиллагаанд буруутгасан нь туйлын ноцтой асуудал бөгөөд бид гишүүн байгууллагуудын бизнесийн түншлэлд эрсдэл, хохирол учруулж болзошгүй нотлогдоогүй гүтгэлэгт шаардлагатай арга хэмжээг хуулийн дагуу авч ажиллах болно.

ТННЭ-н “SFA Cashmere standard” нь олон улсын брэнд үйлдвэрлэгчдийн хүлээн зөвшөөрсөн стандарт болж, бид өдгөө БНХАУ, Афганистан зэрэг улсуудад Төлөөлөгчийн газруудаа нээн, тухайн орны ноолуурын салбарын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Бидний үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг www.sustainablefibre.org, www.sustainablefibre.mn хуудаснуудаас Англи, Монгол хэл дээр авах боломжтой.
 

Тогтвортой ноос ноолуурын эвсэл

 

Зураг
15 | 15 | 17 цаг