Манай улсад энэ зун халалтын төлөв ямар байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс тодрууллаа.
- Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална гэж байна. Цаашдаа халахад дунджаар хэдэн хэм хүрч халах вэ?
- Ойрын хоногуудын халалт ялангуяа баруун аймгуудын нутгаар үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Тухайлбал Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус хүрэх төлөв гарсан байна.
- Аль нутгуудаар ихэвчлэн халах төлөвтэй байна вэ?
- Баруун болон говийн бүс нутгаар халалт үргэлжлэх төлөвтэй байна.
- Энэ зун их халалтын жил байх талаар гаднын сурвалжуудад дурдаад буй. Азийн зарим орнуудад бас түүхэн дээд хэмжээний халалт болсон. Тухайлбал Вьетнам, Мьянмар, тайланд, гэх мэт. Тэгвэл манай улсад энэ зун хэр их халах бол?
- Энэ зуны төлөв ерөнхийдөө баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговийн нутаг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв гарсан.
Бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим, нутгийн зүүн хойд хэсгээр буюу Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын нутгаар дунджаас ахиу тунадас орох төлөв гарсан байна.
Азийн бүс нутгийн хувьд өнгөрсөн тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Наннин хотод Азийн орнуудын зуны төлөв хэлэлцүүлэх олон улсын хурал болсон юм. Уг хурлаар улс орон бүр өөрсдийн орны цаг уурын онцлог, уур амьсгалын өөрчлөлт, ирэх зуны төлөвөө хэлэлцэж, нэгдсэн дүгнэлт гаргадаг.
Хурлаас Азийн ихэнх орнууд агаарын температурын хувьд олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай урьдчилсан төлөв гаргасан.
Хур тунадасны хувьд Казахстан, Орос, Монгол, Хятадын хойд хэсгээр буюу Азийн өндөрлөг уулархаг бүс нутагт орших орнууд харьцангуй тунадас багатай, харин Зүүн Өмнөд Азийн орнууд болох Япон, Солонгос, Энэтхэг, Мьянмар, Тайланд зэрэг улсуудад ахиу тунадастай байх төлөв гарсан байгаа.
- Манай улсын халалтын түүхэн дээд хэмжээ хэзээ, хэд хүрч байсан бэ?
- Зургаадугаар сарын хувьд 2000, 2001, 2007, 2010, 2011, 2017, 2018 онуудад олон жилийн дунджаас харьцангуй дулаан жилүүд болж байсан. Эдгээр онуудаас хамгийн дулаан нь 2018 оны зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар +26...+32 градус, ялангуяа Их нууруудын хотгор, Зэрэг, Дарвийн хөндий, Алтайн өвөр говиор +33...+38 градус хүрч халж байсан.
- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт халалтад нөлөөлж байгаа юу?
- Дэлхийн цаг уурын байгууллагын тодорхойлсноор, эрдэмтэн судлаачдын гаргасан тооцооллоор хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийн хэмжээ ихсэж байгаа нь дэлхийн уур амьсгал өөрчлөгдөх гол хүчин зүйл болж байгааг тайлбарласан байдаг.
Дээрх өсөлтөөс шалтгаалан дэлхийн дундаж температур 1900-аад оноос хойш нэг градусаар нэмэгдсэн бол 2022 оны эхний есөн сарын байдлаар 1.15 градусаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэхүү дулааралтаас шалтгаалан Арктикийн мөсний талбай болон томоохон мөсөн уулууд болох Гринландын мөсний талбай багасаж, тэр хэмжээгээрээ далайн усны түвшин нэмэгдсэн. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшигт үзэгдлийн давтагдал тэр дундаа ган гачиг, хэт халалтын давтагдал дэлхий дахинд нэмэгдэж байгааг эрдэмтэн судлаачид нотолсоор байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!