Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны дэлхийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтыг Их Британи улс зохион байгуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын нийслэл Вашингтон хотод өчигдөр хүрэлцэн ирсэн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак тус улс хиймэл оюуны асуудлаарх дэлхийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөснийг зарлажээ.

Тэрбээр өнөөдөр Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа Украины асуудлыг бас хэлэлцэх юм.

Айлчлалын эхний өдөр Сунак хиймэл оюуны анхны дээд хэмжээний чуулга уулзалтыг энэ оны хоёрдугаар хагаст эх орондоо зохион байгуулах тухай мэдэгджээ.

“Хиймэл оюуны технологи нь бидний амьдралыг сайжруулах гайхалтай чадвартай зүйл. Гэхдээ бид үүнийг аюулгүй, найдвартай байдлаар хөгжүүлэх, ашиглахад анхаарал тавих ёстой” гэж Сунак хэлсэн байна.

Тэрбээр цааш нь “Түүхийн турш бид нийгмийг өөрчлөх шинэ технологиудыг зохион бүтээж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашигласаар ирсэн. Энэ удаа ч бид үүнийгээ давтах хэрэгтэй” гэж ярьжээ.

Өнгөрсөн сард Японы Хирошима хотод чуулахдаа Их Долоо бүлгэмийн удирдагчид хиймэл оюуныг зөв хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатайг онцолж байв.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Европын Холбооны удирдлагуудтай шинэ технологийн зохицуулалтын орчны талаар хэлэлцсэн юм.

Харин Риши Сунак уг асуудлыг хариуцсан олон улсын дээд байгууллагыг Лондон хотод төвлөрүүлэх хүсэлтэй байгаа ажээ.

“Энэ чиглэлд тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэхэд Их Британи илүү тохиромжтой. АНУ-аас гадна ардчилсан орнуудын дотроос хиймэл оюуны салбарт тэргүүлэгч нь манай улс юм. Бид иргэдээ хамгаалах зөв зохицуулалтыг хийх чадвартай улс” гэж Сунак ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP