УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал танилцуулж, цахимаар харилцах нөхцөлийг бусад салбарын хуулиудад адилтган тусгаж, хүлээн зөвшөөрөх замаар хууль хоорондын нийцлийг хангаж, практикт үүсээд байгаа зөрүүтэй ойлголтыг арилгах зайлшгүй хэрэгцээ шаардлага нэгэнт үүсэж буйг онцлов.
Хэдийгээр цахим хэлбэрээр харилцах, цахим баримт бичиг үйлдэж болох тухай Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд тусгасан боловч цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байхаар заасан боловч цаасан болон цахим хувь хоорондоо зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтлахаар заасан зэргээс хамаарч байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрийг давхар хадгалж, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болж хувирч байгаа тохиолдлууд байгаа аж.
Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулиудын хүрээнд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг хамааруулж ойлгохоор заасан. Харин бусад салбарын хуульд “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг тооцож, ойлгож байгаа нь тухайн хуульд заасан мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр давхар хүргэхэд хууль хоорондын нэр томьёоны зөрүүтэй байдлыг үүсгэж, Монгол Улсын үндэсний цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байгааг шийдвэрлэх цаг нь болсон талаар дурдав.
УИХ-ын гишүүдийн асуулттай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд, цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээн заасан ч бусад хуулиудад хэрэв цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэйгээ зөрчилдвөл цаасан баримт бичгээ баримтална гэж заасан тул байгууллагууд цахимаар баримт бичгээ солилцож байгаа ч гэсэн зайлшгүй хэвлэж хадгалдаг байдал одоо хүртэл байгаа нь нэг ажлыг хоёр хийж байна гэсэн үг.
Мэдээллийн сангуудын зөрүүтэй байдал их байна. Жишээ нь, Жолоочийн даатгалын сан, Газрын мэдээллийн сан зэрэг нь Төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдоогүй байна. Энэ хуулийн хүрээнд Нийтийн мэдээлэл солилцооны системтэйгээ эдгээр мэдээллийн сангуудыг холбож өгөх юм.
Нэг ёсондоо интеграцыг хангаж өгөх эрх зүйн боломжийг нээж өгнө. Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрөөд, хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзнэ гэж дагалдах хуулиудаар зохицуулж өгч байгаа. Иймд цахим баримт бичиг бол хууль ёсны хүчин чадалтай гэдгийг давхар хуульчилж өгвөл баримт бичгийг хэвлээд байх шаардлагагүй болно" хэмээв.
Түүнчлэн "Зарим төрлийн гэрээг цахим хэлбэрээр байгуулах боломжийг Иргэний хуульд нийцүүлэн бий болгоно. Жишээлбэл, Патентын хуулиар шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглуулах гэрээ, хөдлөх эд хөрөнгийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, хөрөнгийн үнэлгээний гэрээ, Өмгөөллийн хуульд заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах гэрээ, Аудитын хуульд заасан аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх мэт олон гэрээнүүдийг цахимаар байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тоон гарын үсгээ уншуулан цахимаар гэрээ байгуулах бололцоо бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар дагалдах хуулиудаар гэрээг заавал бичгээр байгуулна гэж заасан байдаг тул цахимаар гэрээ байгуулсан ч хэвлэж хадгалж, цахимжилт нь өөрөө бүр илүү хүнд суртлыг төрийн байгууллагуудад ч, иргэдэд ч учруулж байгаа учир үүнийг арилгах зорилгоор хуулиудад өөрчлөлт оруулж байгаа.
Засгийн газрын хуулиар нээлттэй болох боломжтой 21 сан нээлттэй болсон байна. Одоо мэдээллийн сангуудын зөрүүтэй байдлыг арилгах тал дээр ажиллаж байгаа гэв. E-Mongolia цахим системийн 970 үйлчилгээ, бизнес цахим системээс олгож буй 270 зөвшөөрлийг шууд цахимаар хэрэгжүүлэх нөхцөлийг хууль эрх зүйн “түгжээ”-нээс гаргана.
Газар эзэмшигчийн мэдээллийн хувьд shilen.gov.mn системд сүүлийн 20 жилийн мэдээллийг байршуулсан. Одоо шат дараатайгаар дүүргийн засаг дарга нарын олгосон газрын мэдээлэл болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийг холбоно. Боловсролын салбар харьцангуй сайн цахимжиж байна. Жишээ нь, дипломыг блокчэйн дээр бүртгэж байна. Үүнтэй адил E-Mongolia системд бүх лавлагааг блокчэйн дээр бүртгэж эхлэх гэж байна. Ингэснээр нотариатын үйлчилгээнд лавлагааг баталгаажуулж тамга тэмдэг дардаг байдал үгүй болно. Мэдээлэл технологийн мэргэжилтний хомсдол их байна. Иймд тухайн салбарын мэргэжилтнүүдийн цалинг ч, итгэлцүүрийг ч өөрөөр тогтоож авч үзэхгүй бол мэдээлэл технологийн салбарт хүний нөөцийг бүрдүүлэхэд хүндрэл учирч байна" гэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, сонгуулийг цахимаар хийж болох эсэх талаар олон жил ярьж ирсэн. Гэвч энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг гээд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж буй энэ үед холбогдох байгууллагууд энэ асуудлыг авч хэлэлцэх болно гэв. Нийгмийн сүлжээ, ялангуяа Facebook-тэй холбоотойгоор сонгууль болгоноор маш их мөнгөн урсгал гадаад орон руу шилжсэн тооцоо байдаг. Энэ тал дээр Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Facebook-ийн холбогдох түнш байгууллагуудыг Монгол Улсад байгуулах талаас нь хамтарч ажиллаж, үр дүнд хүрч байгаа гэв.
Байнгын хорооны гишүүд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!