Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчийн урилгаас татгалзав

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Бразилын ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильва түүний Санкт Петербург хотод хүрэлцэн ирэхийг урьсан урилгаас татгалзжээ.

“Санкт Петербург хотод болох Олон Улсын Эдийн Засгийн Чуулганд урьсанд нь би талархал илэрхийлээд энэ удаа ОХУ-д хүрэлцэн очих боломжгүйгээ хэллээ” гэж Лула өчигдөр твиттер хуудсандаа бичсэн байна.

Санкт Петербургийн чуулган зургаадугаар сарын 14-өөс 17-ны өдрүүдэд болох юм.

“Гэхдээ Бразил улс Энэтхэг, Хятад, Индонезын нэгэн адил дайтагч талуудтай энх тайван тогтоох асуудлаар ярилцах боломжтойгоо дахин илэрхийллээ” гэж Бразилын ерөнхийлөгч цааш нь бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы Хирошимад болсон Их Долоогийн чуулганд урилгаар оролцохдоо Лула өөртэй нь уулзах цаг гаргаагүй Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд бухимдлаа илэрхийлж байв.

Энэ үеэр тэр Путин, Зеленский хоёрын аль аль нь дайныг дуусгах сонирхолгүй байгааг шүүмжилж байжээ.

Украины дайны турш Бразил улс төвийг сахисан байр суурь баримталж, дайтагч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаа.

Гэхдээ Лула өнгөрсөн онд Украины дайнд Путинээс гадна Зеленский бас буруутай гэж хэлээд хүчтэй шүүмжлүүлж байсан юм.

 

Эх сурвалж: AFP