Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын нэг хүнд ногдох хонины тоо сүүлийн 170 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын нэг иргэнд тав хүрэхгүй тооны хонь ногдох болсон нь албан ёсны тоо бүртгэл эхэлсэн 1850-аад оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.

1980-аад оны эхэн үед тус улсын нэг иргэнд 22 хонь ногдож байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.

Гэвч сүүлийн жилүүдэд хонин сүргийн тоо толгой тасралтгүй буурсан байна.

Өчигдөр зарласан албаны статистик тоо баримтаар бол 2022 оны зургаадугаар сарын байдлаар Шинэ Зеланд улс 25.3 сая хоньтой байжээ. Энэ нь өмнөх жилээсээ 400,000 орчмоор буурсан үзүүлэлт юм.

Тус улсын хүн ам сүүлийн тооллогоор 5.15 сая орчим байгаа.

Гэхдээ хүн амд ногдох хонины тоо толгойгоор хөрш Австралиас илүү хэвээр байгааг Шинэ Зеландын статистикийн газрын захирал Жэсон Эттевел мэдээлжээ.

“Австрали улсын хонин сүргийн тоо толгой Шинэ Зеландынхаас гурав дахин өндөр. Гэхдээ нэг хүнд гурван хонь ногдох харьцаатай байгаа” гэж тэр хэлсэн байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд Шинэ Зеландад хонины тоо буурсан нь хоёр хүчин зүйлээс голлон шалтгаалсан гэж судлаачид үзэж байгаа.

Үүнд дэлхийн зах зээлд ноосны үнэ огцом унасан, фермерүүд бэлчээртээ мод үржүүлэх нь эдийн засгийн хувьд ашигтай болсон нь нөлөөлсөн ажээ.

2013-аас 2021 оны хооронд хонины ноосны килограмм тутмын үнэ $6.74-аас $3.77 болж бараг хоёр дахин буурсан байна.

2017 оноос хойш 175,000 гектар хонь, үхрийн бэлчээрийг мод үржүүлгийн зорилгоор өөрчилснийг 2022 оны салбарын тоо баримт харуулжээ.

Жич: Монгол улсын нэг хүнд 10 орчим хонь ногддог.

 

Эх сурвалж: The Guardian