Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Өнөрсайхан: Күнз сургууль өнгөрсөн таван жил сайн тогтолцоог бий болгосон. Ирэх таван жилийг сургуулийн сайн соёл тогтох жилүүд гэж харж байна

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын Күнз сургуулийн таван жилийн ой энэ сард тохиож буй. Иймд хос хэлний хөтөлбөртэй тус сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Г.Өнөрсайхантай ярилцлаа.

-  Сайн байна уу. Юуны өмнө Күнз сургуулийн таван жилийн ойн мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд бий болсон үр дүнгээсээ та сургуулийн удирдлагын хувьд юуг илүүтэй онцолмоор байна вэ?

- Сайн байна уу, Баярлалаа. Өнгөрсөн таван жилээ эргээд харвал товчхондоо Күнз сургуулийн хувьд тогтолцоо тогтсон таван жил байлаа гэж хэлэх байна. Бид олон төсөл хөтөлбөрийг буюу ойролцоогоор 100 орчим төслийг амжилттайгаар хэрэгжүүлжээ.

Манай сургууль нэгт хүүхэд, хоёрт багш ажилчид, гуравт удирдлага гэх үндсэн зарчмыг баримталж ажилладаг. Тэр утгаараа өнгөрсөн таван жилийн хугацаанд хүүхэд төвтэйгээр үндсэн үйл ажиллагаануудаа явуулж ирсэн.

Онцлох гурван зүйл гэж харвал:

  1. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж чадсан. Өөрөөр хэлбэл хүний нөөц, сурагчид болон чанартай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг хянаж, зөв байдлаар удирдаж чаддаг болсон гэсэн үг.
  2. Сургалтын үйл ажиллагаандаа технологийн олон платформ, системүүдийг тасралтгүй нэвтрүүлж, ашигласан. Тухайлбал, E-School гэх сургуулийн удирдлагын системийг амжилттай нэвтрүүлж чадсан байна. Мөн Office 365 платформыг сургуулийн ажилчдын үндсэн хэрэглээнд нь нэвтрүүлсэн. Дөрөв ба түүнээс дээш ангийнхандаа Moodle системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь сурагчдаас шалгалт авахаас эхлээд даалгаврын сан үүсгэх, багш нар үндсэн хөтөлбөрийн санг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн англи хэлний Astrid платформыг амжилттай нэвтрүүлсэн. Багш нарын хувьд сургалтад ашиглах боломжтой технологийн шийдлүүдийг ашиглаж дадсан бөгөөд цаашид ч технологийн шийдлүүдийг тасралтгүй ашиглана.
  3. Сургалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Үүнийг дагаад сургуулийн нэр хүнд сайн байгаа. Тухайлбал, манай сурагчдын дүү нар, эцэг эх, асран хамгаалагчдын маань найз нөхөд мэдээлэл авч хүүхдээ элсүүлж байх жишээтэй.  

Түүнчлэн бид 2018 онд 2021 ондоо сургуулиа өөрсдийн байртай болно гэдэг амлалтдаа хүрч чадсан таван жил байлаа.

- Одоо нийт хэдэн багш, сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

- Сургууль анх 2018 онд байгуулагдаад, 2021 оны долдугаар сард Күнз бүрэн дунд сургууль болох тусгай зөвшөөрлөө авсан. Одоогоор 1-9 дүгээр ангийн 544 сурагч суралцаж байна. Үндсэн 70, гэрээт 30 багш, ажилчны бүрэлдэхүүнтэй байгаа.

- Хоёр жилийн дараа анхны арванхоёрдугаар ангиа төгсгөнө гэж сонссон?

- Тийм ээ. 2026 оны зургаадугаар сард хамгийн анхны төгсөлтөө хийнэ. Одоогийн есдүгээр ангийн сурагчид маань энэ үед арванхоёрдугаар ангиа төгсөнө гэсэн үг. Боловсролыг бид хариуцлага гэж харан үйл ажиллагаагаа явуулдаг.  

- Та түрүүн олон хөтөлбөр хэрэгжсэн гэсэн. Тухайлбал SEEL хөтөлбөр ямар онцлогтой вэ? 

- Манай сургууль хоёр сэтгэлзүйч багш, нэг нийгмийн ажилтантай. Хоёр сэтгэлзүйч багш маань SEEL хөтөлбөрийн хичээл заагаад, дээрээс нь сэтгэл зүйн уулзалтууд хийдэг.

SEEL хөтөлбөрийн хувьд нийгэм сэтгэлзүйн хөтөлбөр юм. Тодруулбал, Эмори их сургуулийн 15 жил боловсруулсан нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр бий. Үүнийг Монголд SEEL Mongolia хэмээх байгууллага нэвтрүүлсэн байдаг.

Сургалтын онцлог гэвэл хайр гэж юу вэ, чи дотроо юу мэдэрч байна вэ гэдэг талаар ордог.  Жишээлбэл, багш өглөө ангид орж ирээд хүүхдүүдийг шууд томоотой суу, ингээрэй, тэгээрэй гэхээс илүүтэйгээр хүүхдийн сэтгэлзүй өнөөдөр ямар байгаа вэ гэдгийг мэдэх гэж оролдоно гэсэн үг. Ингэж мэдэхдээ, асуулт хариулт хэлбэрээр эсвэл зурган байдлаар хүүхдүүдийнхээ сэтгэлзүйг оношлон сурагчдыг үр дүнтэй хичээллүүлэхээр мэргэжлийн арга зүйгээр удирдан явуулдаг.

Түүнчлэн хүүхдүүд маань хавар их ачаалал авдаг болохоор багш, ажилчдынхаа санаачилсан “Унтаахай” төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, хоолны цагийн дараа хүүхэд бүр 15 минут дуг хийдэг. Гэхдээ 15 минутаас илүү буюу гүн унтаж болдоггүй. Томчуудын хувьд ч гэсэн өдөр 15 минут дуг хийчихээр үдээс хойших ажлын бүтээмж өндөр байдаг шүү дээ. Бас манай сургуулийн хувьд завсарлагааны цаг ихтэй.

- Яагаад? 

- Манай сургууль инээ, тогло, суралц гэсэн уриатай. Хүүхдүүд сургуульдаа ирээд зөвхөн онолын болон академик мэдлэг олж авахгүй. Сургууль дээрээ зарим нэгтэй нь найзалж, заримтай нь муудаж, гомдож, баярлаж, сэтгэл нь гутрах зэргээр нийгмийн харилцаанд ордог. Ингэх явцдаа хүүхэд бүх талаар өсөж, хөгждөг. Тэгэхээр завсарлагааны цагийг урт болгосноор нийгмийн харилцаагаа сайжруулна гэж бодож боддог. Нөгөө талаар хүүхдүүдэд сургуульдаа дуртай байх сэдлийг төрүүлдэг гэж хэлж болно.

зураг
 

- Хүмүүс ерөнхий боловсролын Күнз сургуулийг хятад, англи гэх хос хэлний хөтөлбөртэй сургууль гэдгээр мэддэг. Нөгөө талд сүүлийн үед яригдаж байгаа сэдэв болох эх хэлний боловсролыг хэр хэмжээнд чухалчилж үздэг бол?

- Миний хувьд нэгдүгээр ангиасаа хятад хэлний сургалттай сургуульд суралцаж байсан. Тухайн сургууль маань монгол хэлний хичээл заадаггүй байсан болохоор хоёрдугаар ангиасаа эхлээд үдээс өмнө хятад сургуульд, үдээс хойш монгол сургуульдаа явдаг болсон юм. Ийм байдлаар сурч явсаар олон сургууль дамжсан. Их сургуулиа хятадад суралцаж төгссөн. Эргээд харвал надад эх хэлний мэдлэг ямар чухал байсныг мэдэрсэн юм. Ялангуяа монголоос хятад руу орчуулга хийх үед эх хэлний мэдлэг ямар чухал болохыг мэдрэгддэг.

Эх хэлний мэдлэг сул байвал дараагийн хэлийг сайн сурахад хүндрэлтэй байдаг.Эх хэлний сайн суурь байхгүй болохоор тэр шүү дээ. Тэгэхээр хүнд эх хэлний мэдлэг гэдэг маш чухал. 

Манай сургуулийн хувьд бага ангийн үндсэн сургалтын хөтөлбөртөө хятад хэлний сургалтыг оруулдаг. Нэгдүгээр ангиасаа хятад, монгол хэлээ хамт үздэг. Үзэхдээ хүүхдэд ямар нэгэн айдас дарамт болохгүй байхаар хичээлүүд ордог. Яагаад гэвэл насны онцлогт нь суурилсан, гадаад хүнд зориулсан хятад хэлний хөтөлбөрөөр хичээл явагддаг. Ингэхдээ мэргэжлийн арга зүйч багш нар заадаг. Бага ангидаа сонирхлыг нь төрүүлэх байдлаар сургаад, дунд ангиас нь эрчимжүүлсэн байдлаар шахаж заах бодлогыг баримталж байгаа. Харин англи хэлийг дөрөвдүгээр ангиасаа үзэж байгаа. 

- Нэг үе англи хэл гэдэг байсан бол өнөөдөр бас хятад хэлийг үзэх нь чухал гэж ярьдаг болсон. Таны хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ? 

- Миний хувьд хятад, англи хэлийг хэрэглээ гэж хардаг. Хамгийн чухалд эрэмбэлэгдэх зүйл гэж огт хардаггүй. Англи хэл, хятад хэл нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх иргэдэд зайлшгүй байх ёстой мэдлэг чадваруудын нэг гэж харж байна.

Дэлхийн хэмжээнд өрсөлдөнө гээд харахаар тухайн хүн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хүнтэй зөв харилцах, хандлага төлөвшил нь маш чухал болсон. Өөрөөр хэлбэл дэлхийн найман тэрбум хүн ойлголцож болох “Хандлага” гэдэг хэл бий болсон байна. Дууны өнгө, нүдний харц, биеийн хэлэмж гэх зүйлсээр хүмүүс хоорондоо хангалттай ойлголцож чадна.

Тэгэхээр зөв хандлага төлөвшилтэй, асуудлыг давж гарах чадвартай, асуудал тулгарахад сэтгэл зүйн хувьд хүчтэй байж чадна гэдэг өөрөө маш том ур чадвар болоод байна. Мөн аливаа юмыг харах өнцөг хүртэл чухал болсон цаг. Хятад болон англи хэлний хувьд мэдээж хэрэг хоёр дахь хэл гэдэг утгаар суралцаад явбал олон давуу тал хүнд бий болно.

Хүмүүс Күнз сургууль гэхээр зөвхөн хятад хэл л заадаг. Сайн хятад хэлтэй хүн л гаргана гэж ойлгоод байдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Хэрэв маш сайн хятад хэлтэй хүн болбол сайн орчуулагч л болох байх. Түүнээс биш тийм ч амжилттай нэгэн болохгүй болов уу.

- Танай сургуулийн зүгээс эцэг эхчүүдтэй хэр хамтран ажилладаг вэ?

- Бидний хувьд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог чухалчилж үздэг. Голоор яривал эцэг эх, асран хамгаалагчид бол голын нэг эрэг, харин сургууль нөгөө эрэг нь юм. Хүүхэд бол дунд нь урсаж буй гол гэж хардаг. Тэгэхээр хүүхэд амжилттай явах эсэх нь томчуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болно. Бид эцэг эхчүүдтэйгээ зөв ойлголцох тал дээр албан байдлаар зөвлөгөө, зөвлөмж өгөөд явдаг. Бидний хамтын ажиллагаа сайн гэж бодож байна.

- Өглөө сургууль ирсэн чинь сурагчдын автобус олон харагдаж байсан? 

- Тийм ээ, сургуулийн автобусны хувьд бид бодлогын түвшинд асуудлыг тавиад, сурагчдын 20 автобусыг бүх чиглэлд явуулдаг болсон. Сургуулийн автобус үйлчилгээнд манай 360 сурагч хамрагддаг. Ингэснээр хүүхдүүд маань өглөө хичээлдээ хоцрохгүй ирдэг давуу талтай. Багш, ажилчид бас автобусаар явдаг. Дээрээс нь эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж өгөх, авах зэрэг зүйлсээс чөлөөлөгдөж, сэтгэл тайван ажиллах боломжийг бүрдүүлдэг давуу талтай. 

- Цаашид Күнз сургуулийн хувьд ямар зорилгыг тээж ажиллах вэ?

- Сайн байгууллагыг хараад байхад тогтолцоо аваад явчихдаг шүү дээ. Ингэхдээ асуудлыг хурдан тодорхойлж, тасралтгүй шинэчлэгддэг онцлогтой. Ерөнхий боловсролын Күнз сургууль өнгөрсөн таван жилийн хугацаанд тогтолцоогоо сайн тавьсан. Дараагийн таван жилийг сургуулийн сайн соёлын суурийг тавих жилүүд гэж харж байна.

Мөн дараагийн том зорилгуудын нэг бол биеийн тамирын спорт заалтай болох явдал. 3,800 метр квадрат бүхий стандарт хангасан спорт заал буюу сургуулийн өргөтгөлийн барилгыг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх том төслийг эхлүүлж байгаа.Мөн 2026 онд анхны төгсөлтөө хийх тул хүүхдүүдээ дэлхийн ТОП их дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах суурийг нь тавьж өгөх явдал гэж харж байна. Күнзийн төгсөгчид дэлхийн шилдэг 500 компанид ажилладаг, цаашлаад үүсгэн байгуулагчид болж яваасай гэж мөрөөддөг.

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.