Чойжин ламын сүм музейн дэргэд барилга барих асуудлыг олон нийтийн зүгээс зарим нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байгаа.
Тус музейн захирал Д.Отгонсүрэн болон Соёлын сайд Ч.Номин нар "Музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болгох шаардлага үүссэн" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Энэхүү сүм музейн үүх түүх, үнэ цэнийн талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, Докторант С.Дэмбэрэлээс тодрууллаа.
- Чойжин ламын сүм музейн хэрхэн үүсгэн байгуулагдсан талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?
- VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйлд зориулсан анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвөл гал гарч шатсан байдаг.
Тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар "Далхын дэнж" буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээсэн. Ингээд 1904-1908 онд монгол, хятад урчууд одоогийн сүм хийдийг цогцлоосон бөгөөд тухайн үеийн нэршил нь Өршөөлийг хөгжүүлэгч сүм байв. Төр шашныг хамгаалдаг чойжин сахиусыг оршоох хамгийн оновчтой газар нь одоогийн сүм гэсэн үг.
- Сүм музей байгаа газар ихэд догшин бөгөөд хөндсөн тохиолдолд хэдэн үеэрээ жаргахгүй гэх ойлголт яваад байна. Энэ тийм догшин газар уу?
- Чойжин гэдэг үг нь буддын шашинд номыг тэтгэгч сахиус гэсэн утгатай. Номыг тэтгэгч сахиусыг шашны тусгай зан үйл хийж, биедээ оршоож, сахиусны зарлиг айлдварыг сүсэгтэн олонд дамжуулах үүрэг хүлээдэг байв. Богд хаант засгийн үед төрийн чухал үйл хэрэгт чойжин буулгаж, шийдвэр гаргадаг байсан юм билээ.
Тухайн сахиус оршиж байгаа газрыг ер бусын ариун хэмээн сүсэгтнүүд үздэг. Тийм учраас уг газрыг хөндөх, өөрчлөхийг цээрлэдэг бөгөөд хөндсөн тохиолдолд тухайн газар хилэгнэдэг гэж үздэг талтай. Буддын шашинтай, итгэл үнэмшилтэй хүмүүс уг сүмийг хамаагүй өөрчилж болохгүй, ариун дагшин хэвээр нь байлгах ёстой гэсэн чиг хандлага нийгэмд байгаа харагддаг.
Энэхүү сүм нь шашны түүхийн дурсгалт газар яахын аргагүй мөн. Түүнчлэн шашны нэртэй зүтгэлтэн буюу сахиус оршоож байсан хүний амьдрал хийгээд үйлддэж байсан зан үйлтэй холбоотой газар учир сүсэгтэн олон ихэд хүндэтгэлтэй ханддаг байна.
Ялангуяа настай хүмүүс энэхүү газрыг сүм музей гэхээс илүүтэй ариун догшин газар гэж үзэх тохиолдол бий.
- Түүхэнд тэмдэглэснээр их хэлмэгдүүлэлтийн үед сүмийн барилга байгууламж, судар шүтээн хэвээр үлдсэн гэдэг. Ямар ямар хосгүй үнэт үзмэр байдаг вэ?
- Чойжин ламын сахиус буулгах зан үйлтэй холбоотой бурхан шүтээн, шашны эд зүйлс бий. Мөн өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан дурсгалт өв байгаа. Хамгийн чухал нь эл сүмд бусад бурхны дахин давтагдашгүй цор ганц бүтээл, үзмэрүүд байгаа.
Сүмийн барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон байдаг. Тухайн үеийн урчуудын сийлсэн зураг, будаг, барилгын технологи зэрэг алдагдаж магадгүй гэх хүмүүс бий. Энэ утгаараа тэд сүмийн эргэн тойронд байшин баривал музейд эвдрэл гэмтэл үүсэх магадлалтай гэдгийг хэлдэг.
Монголд цөөн тооны буддын шашны сүм хийд үлдсэний нэг нь Чойжин ламын сүм музей. Гаднын жуулчид аливаа зүйлийг анх байсан хэвээр нь буюу хуучны байдлаар харахыг үнэ цэнтэй гэж үздэг. Энэ мэтчилэн үзэл баримтлал, асуудал байгаа учраас сүмийн дэргэд байгууламж барих ажил олон эсэргүүцэлтэй тулгарч байгаа байх.
Нөгөөтэйгүүр чойжин сахиусыг догшин учир их хэлмэгдүүлэлтийн үед барилга байгууламж, судар шүтээн хэвээр үлдсэн ч гэж ярьдаг.
Харин МУИС-д шашин судлаач мэргэжлээр суралцаж буй гуравдугаар түвшний оюутан Б.Сувд-Эрдэнэ өнгөрсөн зун тус музейд дадлага хийсэн бөгөөд Чойжин лам Лувсанхайдавын талаар гүнзгийрүүлэн судалсан байна. Түүнээс түүхийн талаар тодрууллаа.
- Чойжин сахиусыг хүртсэн Лувсанхайдав гэдэг хүний талаар судалж сонирхдог гэсэн?
- Түүний хувьд VIII Богд Жавзандамба хутагт буюу ахыгаа дагаж, Төвдөөс 1874 онд хоёр настайдаа Монголд ирсэн. VIII Богд Жавзандамба хутагтын номын багш нь Лувсанхайдавыг чойжин сахиус оршоох хүч чадалтай хэмээгээд тусгай шалгуураар тодруулж, нарийн дэг жаягаар удирдуулан чойжин болгосон түүхтэй.
Чойжин лам болсон хүн догшин сахиусыг дуудан урин залж, зарлиг тааллыг нь сонсож, ард олныг аюул зовлонгоос ангижруулдаг ер бусын хүн байдаг гэж "Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо" гэдэг номд бичсэн байдаг.
- Энэхүү музейд дадлага хийж байхад өөрийн тань хамгийн их анхаарал татсан үзмэр юу байв?
- Музей хотын төвд оршдог боловч сүмийн хаалгаар орсон даруйд гадны дуу чимээ алга болж, нам гүм болдог тийм гоё энергитэй газар.
Бүтцийн хувьд Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт таван сүм, хүндэтгэлийн таван хаалгатай. Сүм болгон өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив гэдэг нэртэй сүмийг Өндрийн сүм гэж нэрийддэг. Энд Өндөр гэгээн Занабазарын урласан бүтээлүүд, шавь хийцийн дэг сургууль хадгалагддаг.
Гол сүмийн хананд дөрвөн махранз, 10 хангал сахиус гэх мэт бурхан шүтээн бий. Мөн 1,000 гаруй шүрээр хүний нүүрийг булчингийн дагуу бодит мэт урласан Улаан сахиусан баг байдаг.
Маш эртний судар шүтээн устаж үгүй бололгүй өнөөдрийг хүртэл энэ сүмд хадгалагдаж байгаа. Ховор нандин үзмэр нь тэр гэж хэлж болохгүй байх. Бүгд өөрийн гэсэн үнэ цэн, утга агуулгатай.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6,000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь "Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал"-ын жагсаалтад багтдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
|