Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын төсвийн ₮189 тэрбумын санхүүжилттэй авто замын тендерт хятад компаниудыг шалгаруулсныг эсэргүүцэж байна"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 километр хатуу хучилттай авто замын тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас хууль зөрчиж олгосон талаар авто замын компаниудын төлөөлөл мэдээлэл хийв. 

Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 189 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа авто замын төсөлд Хятадын компаниудыг хууль бусаар шалгаруулсан талаар тэд мэдээллээ. 

"Хууль зөрчиж хятадуудад давуу байдал бий болгосон гэж үндэсний компаниуд хардаж байгаа"

Тус тендерт оролцсон үндэсний компаниудын төлөөлөл Г.Энхтулга "Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тендерээ зарласан. Хуваарийнхаа дагуу хоёрдугаар сарын 27-ны өдөр нээх байсан. Гэвч тендер нээх хугацааг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр нээсэн. Тендерийг нээх үед гэнэт Хятадын зургаан компани оролцсон. 

Хамгийн гол асуудал нь замын бүх багцад буюу уг тендерт хятад компаниуд шалгарсан явдал. Үндэсний нэг ч компани шалгараагүй. Ийм учраас авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компаниуд эсэргүүцэж, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.

Хууль зөрчиж хятадуудад давуу байдал бий болгосон гэж үндэсний компаниуд хардаж байгаа. Тэдэнд давуу байдал үүсгэсэн гэдгийг хэд хэдэн баримтад үндэслэн хардаж байна. 

Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны тендерийг зохион байгуулдаг tender.gov.mn цахим системд энэ оны гуравдугаар сарыг 23-ны өдөр дөрөвдүгээр багцад шалгарсан нэр бүхий хятад компани бүртгүүлсэн байгаа юм. Уг тендер төлөвлөгөө ёсоор хоёрдугаар сарын 27-ны өдөр нээгдэх ёстой байсан.

Удаа дараа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан учир нь хятад компаниудыг оруулах зорилго байсан гэх хардлага бий" гэв.

"Тендерт орсон монгол компаниудыг ямар нэгэн шалтаг шалтгаанаар хасаж, хятад компаниудыг оруулдаг"

"Пик девелопмент" компанийн төлөөлөл Р.Батцогт "Монголын авто замын салбар 90 жилийн түүхтэй. Бидний зорчиж байгаа замуудыг үндэсний компаниуд маань бүтээн бий болгосон. Гэтэл сүүлийн үед хятад компаниуд орж ирэх боллоо. 

Саяхан Ерөнхий сайд нийт авто замын салбарынхантай уулзалт зохион байгуулсан. "Чанартай зам, чансаатай засвар арчлалт" сэдэвт уулзалтаар Монгол компаниудаа дэмжинэ, чанар чансаатай болгоно гэж ярьсан. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газар нь дандаа хятад компаниудыг дэмждэг, тэднийг шалгаруулдаг. 

Гол нь улсын төсвийн хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр баригдах зам. Гэтэл авто замын салбараар дамжуулж тэрбум гаруй хүн амтай Хятадын эдийн засгийг Монголын хөрөнгөөр дэмжих бодлого болоод байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 километр замын тендерийн дөрвөн багц зам дээр нэг ч болтугай монгол компани шалгарсан бол гомдолгүй. Гэтэл тендерт орсон монгол компаниудыг ямар нэгэн шалтаг шалтгаанаар хасаж, хятад компаниудыг оруулдаг асуудал бий" гэлээ.