Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Палеонтологийн ховор олдворуудыг бусдад худалдах гэж байсан хэрэг Дархан-Уул аймагт гарчээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Палеонтологийн ховор олдворуудыг бусдад худалдахаар бэлтгэж байсан гэмт хэргийг илрүүлжээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багт оршин суух "М" үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, олон тооны амьтдын чихмэл, эд эрхтнүүдийг бусдад худалдахаар бэлтгэсэн байна.

Олдворуудыг эд мөрийн баримтаар хураан авч, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр олдворууд нь соёлын биет өвд хамаарагддаг.

Тухайн олдворуудыг палеонтологийн шинжилгээнд оруулахад 

  • 15,000-30,000 жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан Савагт хирсийн чулуужсан яс,
  • Цэрдийн галавын үе буюу 71-65 сая жилд илэрдэг өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэх зэрэг хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс,
  • Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-д орсон матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл болох нь тогтоогджээ. 
Эрүүгийн хуулийн 25.4.1-т Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр тусгасан байна. 
Эрүүгийн хуулийн 25.5.1-т Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.