У.Санчир: Явган хүний зам дээр машинаа гаргаж тавьдаг үйлдлээс үүдэн тухайн замд эвдрэл, гэмтэл үүсэж байна
“Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын байранд боллоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчирын танилцуулсан илтгэлийг хүргэж байна.
"Явган хүний замд шон байрлуулах, хөтөч хавтан тасалдах зэрэг түгээмэл асуудал байна"
Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд 1,064 километр явган хүний зам бий. Хийц бүтээцийн хувьд дийлэнх хэсэг нь бетон хавтан, байгалийн чулуу, бетон цутгамлаар хийсэн байгаа.
Тухайлбал, байгалийн чулуун хийцлэлтэй 70,000 метр квадрат талбай бүхий явган хүний замтай бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа их үүсдэг.
Тэгвэл нийслэлийн явган хүний замыг бүхэлд нь бетон хучилтаар хийх боломжтой юу?
Зарим тохиолдолд газрын доор инженерийн байгууламж, шугам сүлжээ байдаг учраас бетон болон асфальт ашиглах боломжгүй болгодог.
Иймд тухайн замыг буцааж сэргээх бололцоогоор хангаж хавтан болон байгалийн чулуугаар нийслэлийн явган хүний замыг засаж, сайжруулж байна" гэдгийг илтгэлдээ дурдав.
Явган зорчиход үүсдэг асуудлууд болон зам дээрх саадын талаар...
- Хараагүй хүний хөтөч хавтан дээр хогийн сав, сандал байрлуулах
- Хөтөч хавтан тасалдах
- Явган хүний замд шон байрлуулах
- Явган замын засвар үйлчилгээ дутмаг, хог хаягдлыг цэвэрлэдэггүй зэрэг асуудал үүсдэг.
"Энэ онд нийслэлийн хэмжээнд 69,000 метр квадрат явган хүний зам барихаар төлөвлөсөн"
Үргэлжлүүлэн энэ жил нийслэлд хийх зам засвар, бүтээн байгуулалтын талаар Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн ахлах ажилтан У.Санчир мэдээлэл өгөв.
Энэ тухай "Нийслэлийн зам хөгжлийн газраас 2022, 2023 онд нийт 60,000 гаруй метр квадрат явган зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн онд 18,000 метр квадрат замын ажил гүйцэтгэсэн. Энэ онд 44,000 метр квадрат явган хүний замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэнэ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 20 байршилд явган хүний зам барих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасан.
Нийслэлийн тохижилт бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай байдаг. Тохижилтын ажил гол төлөв тавдугаар сараас эхэлж, аравдугаар сарын 15-н хүртэл хүртэл үргэлжилдэг" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
