Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуу төст өвчин харьцангуй буурч байгаа ч салхин цэцэг өвчний дэгдэлт нэмэгдэж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалт болон коронавируст халдварын талаар холбогдох албаны эх сурвалжуудаас тодрууллаа. 



Дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны эмч В.Байгаль "Одоогоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй буурч байна. Гадуур салхин цэцэг өвчний дэгдэлт их байна. Манай улсад энэ төрлийн өвчний эсрэг вакцин байхгүй. 

Ханиад, томуугийн эсрэг вакциныг улирал угтуулаад арав болон арваннэгдүгээр сард хийдэг. Томуугийн вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй бол хийлгэх боломжтой. Мөн коронавирусийн эсрэг хүүхдийн вакцинжуулалтыг хийж байна" гэлээ. 

Салхин цэцэг өвчний үед гардаг тууралт: 

Улаанбурхан, салхин цэцэг, улаан эсэргэнэ зэрэг халдварт өвчний үед тууралт гарах бөгөөд вирусийн халдвараар өвчин үүссэн тул халуурах шинж тэмдэг ажиглагдана. Гэхдээ халуун нь заавал өндөр байх албагүй. Ихэнх халдварт өвчний үед эхлээд халуурч байгаад тууралт гардаг. 

Харшлын гаралтай тууралтууд тухайн харшил өгсөн эд зүйлсээс холдуулахад аяндаа арилдаг бол халдварт өвчний тууралт арилахгүй бөгөөд халуурдаг. 

Энэ оны эхний гурван сард КОВИД-19 халдварын 1,161 тохиолдол бүртгэгджээ

Коронавируст халдварын талаар Эрүүл Мэндийн Яамны албаны эх сурвалж "Сүүлийн 24 цагт коронавирусийн 27 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдвар ногоон түвшинд шилжсэн байгаа” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн албаны эх сурвалжаас тодруулахад "КОВИД-ын тухай хууль мөрдөгдөж байх үед өдөрт хэчнээн тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл ирдэг байсан. Харин одоо коронавирусийн халдварын мэдээллийг сар сараар нь гаргаж байгаа. Гэхдээ өнгөрсөн сарын мэдээлэл арай нэгтгэгдээгүй байна. 

Энэ оны эхний гурван сарын өвчлөлийн мэдээллийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн сайтаас харах боломжтой" гэлээ. 

Тодруулбал, 2023 оны эхний гурван сард коронавирусийн 1,161 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн амь насаа алджээ. Дараах хүснэгтээс нийслэл болон 21 аймагт бүртгэгдсэн өвчлөлийн мэдээллийг харах боломжтой.
зураг
 
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв