Сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашины өсөлттэй холбоотойгоор лити хэмээх металлын эрэлт дэлхий даяар огцом нэмэгдэж байна.
Онолын хувьд литийг дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч олборлож болох ч бодит амьдрал дээр давстай газраас хамгийн сайн олборлогддог.
“Литийн гурвалжин” гэж нэрлэдэг дэлхийн томоохон нөөц Өмнөд Америкийн Чили, Боливи, Аргентин гурван улсыг дамнасан нутагт оршдог нь үүнтэй холбоотой ажээ.
Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргасан баримт бичигт өгүүлснээр энд дэлхийн мэдэгдэж буй литийн нөөцийн 60 хувь агуулагддаг байна.
Дээрх гурван улсаас Чили улс одоогоор литийн олборлолтоор тэргүүлж байгаа юм.
Өнгөрсөн онд литийн тонн тутмын үнэ дэлхийн зах зээл дээр $14,000-аас $80,000 болж өссөн нь энэхүү металлын эрэлт ямар өндөр байгааг харуулж байна.
Одоогоор үнэ ханш нь оргил үеэсээ буурсан ч зарим мэргэжилтнүүд 2040 он гэхэд 40 дахин өсөх таамаг дэвшүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Чилийн ерөнхий сайд Габриэл Борич телевизээр хийсэн мэдэгдлээрээ Үндэсний Литийн Хөтөлбөр зарласан юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд Чили улс лити олборлох чиглэлийн төрийн өмчит компани байгуулж, энэ салбарыг янз бүрээр дэмжих бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Одоогоор тус улс литийн олборлолтоор дэлхийд Австралийн дараа хоёрдугаарт бичигддэг.
“Бид давсны нөөцтэй бүс нутгийнхаа биологийн төрөл зүйлүүдийг хамгаалахын зэрэгцээ Чили улсыг дэлхийн тэргүүлэх литийн үйлдвэрлэгч болгохыг зорьж байна. Энэ бол тогтвортой хөгжилтэй улс орон болох шилжилтийг хэрэгжүүлэх хамгийн сайхан боломж юм” гэж ерөнхий сайд Борич хэлжээ.
Түүний мэдэгдсэнээр бол шинээр байгуулагдах компанийн 50.01 хувийг Чилийн засгийн газар эзэмшиж, үлдсэн хэсгийг хувийн хэвшилд өгөх юм байна.
Ингэхдээ тэр одоогийн лити олборлогчдын үйл ажиллагааг хэвээр хадгалж, харин шинээр орж ирэх тоглогчдод байгаль орчинд ээлтэй технологи ашиглах шаардлага тавихаа амлажээ.
Бас ажилчид болон нутгийн уугуул ард иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих гэнэ.
Литийн нөөцтэй бүс нутаг нь Атакамын цөл бөгөөд Америк тивийн уугуул иргэдийн оршин суудаг нутаг юм.
Гэхдээ Боричийн хөтөлбөрийг Чилийн улс төрийн хүрээнийхэн янз бүрээр хүлээн авч байна. Тухайлбал консервативууд түүнийг үйлдвэрүүдийг нийгэмчилсэн социалист ерөнхийлөгч Сальвадор Алендегийн цаг үед “буцаж ухрах гэж байна” хэмээн шүүмжилжээ.
1973 онд цэргийнхний төрийн эргэлтээр унасан Аленде дэлхийд тэргүүлдэг тус улсын зэсийн салбарыг нийгэмчилж байсан юм.
Гэхдээ литийг цөмийн эрчим хүчний салбарт ашиглах боломжтой тул төрийн хяналтыг заавал оролцуулах ёстой стратегийн түүхий эд гэж Боричийн талынхан үзэж байна.
“Би болж буй үйл явдалд оролцолгүй, хөндлөнгөөс хараад сууж болно. Энэ нь асуудлаас зайлсхийх арга. Гэхдээ би үүнийг засаглах хамгийн сайн арга зам гэж бодохгүй байна. Бид Чилийн ард түмний сайн сайхны төлөө үйлчлэх цорын ганц зорилготой” гэж Борич өнгөрсөн Даваа гарагт олон улсын уул уурхайн арга хэмжээний үеэр ярьжээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!