Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Биржийн бус зах зээлийн оролцогчидтой хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа

ikon.mn
2023 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Биржийн бус зах зээлийн хяналт, зохицуулалт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар зах зээлийн оролцогчидтой нээлттэй хэлэлцэх, талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг оновчтой тодорхойлох зорилгоор өнгөрсөн лхагва гарагт зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), тус зах зээлд оролцогч андеррайтерын компаниудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

зураг
 

Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ “Хорооны 2020 оны 995 дугаар тогтоолоор баталсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-аар МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хүлээсэн. Тус зах зээлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2021 оны есдүгээр сараас хойших хугацаанд нийт 74 компанийн 1.53 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 94 өрийн хэрэгсэл гарсан бөгөөд 1.02 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Харин энэ оны нэгдүгээр улиралд 16 үнэт цаас гаргагчийн 109.55 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 42 транч хэрэгслийг бүртгэж, 62.55 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Өнөөдрийн байдлаар биржийн бус зах зээлийн шууд оролцогч болох үнэт цаасны 29 компани, шууд бус оролцогч 2126 этгээд байгаа бөгөөд нийт 2,155 оролцогч байна” гэдгийг онцлон дурдсан юм. 

зураг
 

Энэ үеэр Хорооны холбогдох албан тушаалтнууд биржийн бус зах зээлийн хяналт, зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдлын талаар оролцогчдод танилцуулга, мэдээлэл өгсний зэрэгцээ оролцогчидтой санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон юм.

Тодруулбал, хэлэлцүүлгийн үр дүнд 1/биржийн бус зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх, зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, 2/биржийн бус зах зээлд оролцогч андеррайтерын компаниуд үнэт цаас гаргагч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахад анхаарч ажиллах, 3/ үнэт цаас гаргагчийн санал болгож буй хөрөнгө оруулалт, бондын мэдээллийг олон нийтэд хүргэх сурталчилгааны нэгдсэн стандартыг тогтоох, санал боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо